Эрчим хүчний сайд НҮБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-11 16:17:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх НҮБ-ын Mонгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон Хүүхдийн сангийн төлөөлөгч Алекс Хайкенс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-ийн  орлогч дарга Нашида Саттор нарыг хүлээн авч уулзлаа.

Суурин зохицуулагч Тапан Мишра "Цахилгааны инженерээс салбарын сайд хүртлээ дэвшин ажилласан намтрыг уншихад бахархалтай байсан"-ыг тэмдэглээд ажлын амжилт хүсэв. Энэ жил НҮБ-ын 75 жилийн ой тохиож байгаа. Ирэх жил Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой болох юм.  НҮБ-аас зохион байгуулсан “2045 он - Бидний хүсэж буй ирээдүй” хэлэлцүүлэгт Монгол Улсаас оролцогчид хөгжлийн зорилгодоо хүрэхэд эрчим хүчний салбар чухал гэдгийг тэмдэглэсэн. Мөн Монгол Улсын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туслахыг хүслээ. Сэргээгдэх эрчим хүчний хувьд өрхийн орлогын түвшинд тохирсон тарифтай байх, ногоон хэрэглэгч айл өрхийн тоог нэмэгдүүлэх талаар тодорхой санал дэвшүүлэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг цаг гарган уулзсанд талархлаа илэрхийлээд, Засгийн газар мөрийн хөтөлбөртөө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тусгасныг танилцуулав. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар сайжруулсан түлшний үйлдвэр нэмж ашиглалтад оруулж байгаа. Нийслэлийн гэр хорооллын хэсгээс сонгон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээтэй болгох санхүүгийн загварыг боловсруулж байна. Айл өрхүүдэд санхүүгийн хүндрэлгүй үүсгэхгүй байхад анхаарна. Хэрэглэгчид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нэгдсэн системд нийлүүлэх боломжтой.  Монгол Улсын баруун бүсэд импортын эрчим хүчийг халж, ногоон, хямд эрчим хүч хэрэглэх боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа онцоллоо.  

Холбоотой мэдээ