ОХУ, БНХАУ НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүдийн уулзалтыг явуулахад хамтран ажиллана

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-12 12:26:30

МОСКВА. /TASS/. ОХУ болон БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ байнгын гишүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад хийж буй нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.


“ОХУ, БНХАУ дэлхийн үйл хэрэгт гүйцэтгэх НҮБ-ын гол үүргийг бэхжүүлэхийг дэмжиж байна. Олон улсын аюулгүй байдал, тогтвортой байдлын бүхий л асуудлыг цогцоор нь хэлэлцэхийн тулд НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүдийн /ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц/ дээд хэмжээний уулзалтыг зарлан хуралдуулах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний санаачилгыг хэрэгжүүлэх ашиг сонирхлын үүднээс бид нягт хамтран ажиллахаар тохиролцлоо” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Лавров мөн ОХУ, БНХАУ нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд, түүний дотор 11 дүгээр сард болох ШХАБ-ын дараагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар нааштай үнэлгээ өгснийг тэмдэглэв.


"Түүнчлэн бид ШХАБ-ын бусад гишүүн орнуудын хамт энэхүү байгууллагын чадавхыг улам бүр нэмэгдүүлэх, олон улсын нэр хүнд, нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


"Бид бусад олон талын платформ дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнө. Зөвхөн НҮБ-д төдийгүй "20-ийн бүлэг" /G20/, БРИКС /Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк/ болон РИК /Орос, Энэтхэг, Хятад/, түүнчлэн Орос-Хятад-Монгол  платформын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд нэмж дурдсан байна.  


Холбоотой мэдээ