Цар тахлын тэмцлийг алдаршуулах хүндэтгэлийн хуралд уригдсан монгол охин

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-12 13:35:26

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотод “COVID-19” шинэ төрлийн коронавирус тархаж, дэлхийн бүхий л улс оронд цар тахлын аюул нүүрлэсэн билээ.

 

               Харин Хятад улс уг цар тахалтай тэмцэхэд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, байж болох хамгийн хатуу арга хэмжээ авч ирсний үр дүнд цар тахлыг дотооддоо бүрэн хяналтдаа авч, өвчний эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж чадаад байгаа билээ.

 

               Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны 2-р сард БНХАУ-д “аюулыг сөрж” тусгай айлчлал хийж, Хятадын ард түмэнд 30 мянган хонь бэлэглэсэн нь хоёр орны төдийгүй олон улсын анхаарлыг татсан, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлсэн түүхэн үйл явдал болсон.


               Хоёр орны Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийх үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10 настай, монгол охины чин сэтгэлийн сайн үйл хэрэг нь хоёр орны найрсаг харилцаа болон хоёр ард түмний бат бэх найрамдлын илэрхийлэл болсныг онцлон тэмдэглэсэн байдаг.

 

               Хятадын Коммунист намын Төв хороо, БНХАУ-ын Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл хамтран цар тахлын эсрэг тэмцлийг алдаршуулах Хүндэтгэлийн их хурлыг энэ сарын 8-ны өдөр Бээжин хотын Ардын Их хурлын ордонд зохион байгуулсан бөгөөд тус хуралд Э.Мишээл охин уригдан оролцжээ.

 

               Тодруулбал, уг хуралд цар тахалтай хийх тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдэд “Бүгд Найрамдах улсын одон”, “Ардын баатар” зэрэг одонг гардуулсан бөгөөд хуралд тус улсад суугаа ДТГ, Олон улсын байгууллагуудын тэргүүн нараас гадна гадаадын арав хүрэхгүй иргэнийг тусгайлан урьж оролцуулсан. Тэдний нэг нь Хятадын Төрийн тэргүүний ажлын албаны урилгаар оролцсон 10 настай Э.Мишээл бөгөөд тэрээр тус хуралд уригдан оролцсон цорын ганц монгол хүн төдийгүй, хамгийн бяцхан төлөөлөгч болсон байна.

 

               БНХАУ-ын Ухань хотод цар тахлын халдвар өргөн хүрээнд тархаж, орон даяар онц байдал зарлан хатуу хөл хорио тогтоож, олон мянган эмч, эмнэлгийн ажилтан аюулт өвчний эсрэг ширүүн тэмцэл өрнүүлж байх хүнд хэцүү цаг үед Э.Мишээл охин эмч нарт хандан захидал бичиж, өөрийн аялалд явахаар цуглуулж байсан мөнгөнөөсөө “999” юанийг Хөбэй, Бээжин, Тяньжин хотуудад гурав хуваан хандивласан юм.

 

               Тэрээр дээрх хотуудад тус бүр “333” юанийг хандивласан шалтгаан нь хятад хэлэнд 333 тооны дуудлага нь “сарнин, алга болох” гэдэг үгтэй адил байдаг ба цар тахлыг богино хугацаанд бүрмөсөн арилаасай хэмээн бэлгэшээсэн нь олон хүний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байдаг. Харин 999  нь монголчуудын аз хийморийн билэгдэл болдог хэмээн тэрээр тайлбарлажээ.


               Тэрээр захидалдаа “дэлхий даяар тархсан аюулт өвчинтэй тэмцэхэд хил хязгаар, үндэстэн, ястан,  хэл соёл, арьс өнгөний ялгаа огтоос байхгүй бөгөөд би багаасаа л олон орны хүүхдүүдтэй нэг ангид суралцаж, “Дэлхий” хэмээх нэгэн том гэр бүлд өсөж торнисон. Монгол Ардын “зовсны эцэст жаргана” гэдэг сайхан зүйр үг байдаг, бид хүнд хэцүү цаг үеийг даван туулж, аз жаргалтай эргэн учран золгоно гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа хичээцгээе” хэмээн уриалсан байна.

              

               Мөн тэрээр Хятадын ард түмний коронавирустэй хийж буй тэмцлийг дэмжээд зогсохгүй хүнд хэцүү цаг үед эх орондоо 1000 ширхэг амны хаалт хандивласныг дурдахгүй байж болохгүй.

 

               Э.Мишээл охин энэхүү үйл хэргээрээ Монголын ард түмний тусч нинжин сэтгэлийг өөрийн хөрш орны ард иргэдэд уламжлаад зогсохгүй, Монгол, Хятадын найрсаг харилцаа, ард түмний найрамдлыг тодотгон харуулсан юм.

 

               Тэрээр Бээжин хотын “Фан Цаоди” бага сургуулийн 6-р ангид суралцдаг бөгөөд гэр бүлийн хамт БНХАУ-д түр хугацаагаар оршин суудаг. Мөн өөрийн эх хэлээс гадна англи, хятад хэлийг сайн эзэмшижээ.

 

Холбоотой мэдээ