В.Путин Японы Ерөнхий сайд болсонд нь Сүга Ёшихидэд баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-16 16:55:03

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японы Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсонд нь Сүга Ёшихидэд баяр хүргэжээ.


Сүга Ёшихидэ лхагва гарагт Японы Ерөнхий сайд болж, эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорсон Абэ Шинзогийн халааг авсан юм.


"Өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзо хүчин чармайлт гаргасны хүчинд сүүлийн үед хоёр улс хоорондын яриа хэлэлцээний хөгжилд багагүй зүйл хийгдсэн. Талуудын хооронд тулгамдсан асуудлууд хийгээд олон улсад хэлэлцэх асуудлуудаар үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ батлан мэдэгдэе. Энэ нь Орос, Японы ард түмний ашиг сонирхолд нийцэж, Ази-Номхойн далайн бүс нутаг, дэлхий дахинд тогтвортой, аюулгүй байдлыг бататгахад тус дөхөм болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн баяр хүргэсэн мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн Сүгагийн улс төрийн туршлага Японы Засгийн газрын тэргүүний үйл хэрэгт тус болно гэдэгт итгэлтэй буйгаа В.Путин мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ