Энэ жил 11 200 орчим барилга байгууламжийг төвлөрсөн дулаанаар хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-17 16:20:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил нийт 11 200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана.

Нийтдээ дөрвөн эх үүсвэрээс 25 400 тонн нүүрс бэлтгэх бөгөөд энэ сарын 15-наас орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаанд холбож эхэлсэн.

“Арав гаруй байршилд орон сууцны хориод барилгын засварыг дуусаагүй байгаа. Энэ долоо хоногтоо багтааж засвар үйлчилгээг дуусгана” гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ярихдаа “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Зуны засварын хугацаанд 498 хэрэглэгчийн гадна дулааны томоохон салаа шугамд нягтын шахалт хийлээ. Мөн нөөцийн махны борлуулалтад оролцох сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд 9, 10 дугаар сард хөдөө орон нутгаас мах бэлтгэж, нөөцөлнө” хэмээв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын А/1036 тоот захирамжаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг дэх айл өрхийн өвөлжилтийн бэлтгэл хангаж, зуух яндангаа хөөлөх, пийшингийнхээ хэвийн үйл ажиллагааг хангах, түлш нөөцлөхийг холбогдох албадад үүрэг болгосон. Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл “Яндангаа хөөлье” сарын аяны зохион байгуулснаа 10 дугаар сарын 15-ныг хүртэл сунгаж, гэр хорооллын айл өрхүүдэд зуух, яндан, пийшингийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж, мэдээллийг хүргэж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ