Сүга Ёшихидэгийн шинэ Засгийн газрын дэмжигчдийн түвшин 66 хувьтай байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-09-18 10:06:46

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газрыг иргэдийн 66.4 хувь нь сайшаан дэмжиж буйгаа, 16.2 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлснийг “Kyodo” агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын арга барил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор уг үзүүлэлтийг өмнөх үеийнхтэй шууд харьцуулах боломжгүй хэдий ч 2012 оны 12 дугаар сард эмхлэн байгуулсан Абэ Шинзогийн Засгийн газар 62 хувийн дэмжлэг авч байсан ажээ.


Эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ дарга Сүга Ёшихидэ лхагва гарагт парламентын депутатуудын олонхын саналаар Ерөнхий сайд болсон юм. Абэ Шинзогийн Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Сүга Ёшихидэ нь “Abenomics” бодлогыг үргэлжлүүлэхээ амласан билээ.


Энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт орон даяар утсаар явуулсан санал асуулгад 1000 орчим хариулт цугласан бөгөөд тэдгээрийн 58.7 хувь нь Сүга Ёшихидэг Абэ Шинзогийн бодлогыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 32.4 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.


Сүга Ёшихидэгийн Засгийн газарт Сангийн сайд Асо Таро, Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү зэрэг өмнөх засаг захиргааны найман сайд албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болж, Хууль зүйн сайд, Олимпын асуудал хариуцсан сайдаар Камикава Ёко, Хашимото Сэйко нар тус тус ажиллахаар болсныг санал асуулгад оролцогчдын 49.2 хувь нь таатайгаар хүлээн авч, 40.6 хувь нь эсрэг үзэл бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.


Шинэ засаг захиргаа аль чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй талаарх олон хариулт бүхий асуултад, 64.1 хувь нь “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдэд, 35.2 хувь нь эдийн засаг, ажлын байранд гэж хариулжээ. Мөн дараагийн бүх нийтийн сонгуулийг хэзээ явуулбал тохиромжтой вэ? хэмээх асуултад санал асуулгад оролцогчдын 55.1 хувь нь Төлөөлөгчдийн танхимын бүрэн эрхийн хугацаа /2021 оны 10 дугаар сар/ дуусах үед юм уу дуусахаас өмнө гэж хариулжээ. 

Холбоотой мэдээ