Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-22 18:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Ерөнхий сайдад Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн мэндчилгээг уламжлан, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжиж байгаад талархал илэрхийлэв.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэг Улсад хийсэн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсныг тэмдэглэв. Хамтын ажиллагааны эрчийг цаашид улам нэмж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.


Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барих Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов. Мөн Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлт хийхэд хоёр тал ач холбогдол өгч, хамтран ажиллахаар ярилцлаа. Соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцсоноос гадна зарим төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжихээ илэрхийлэв.


Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэг дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа Элчин сайд М.П.Сингх хэлэв.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх "COVID-19" цар тахлыг даван туулах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгаагаа хэлээд Энэтхэгт саатаад байсан монгол иргэдийг татаж авахад дэмжсэнд талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ