Байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг 92.8 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-25 09:34:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг орон нутгийн удирдлагууд хууль хүчний болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж таслан зогсоох даалгаврыг 2018 онд өгсөн байдаг.

Албан даалгаварын хэрэгжилтийг хангах үүднээс тухайн оноос эхлэн Дархан-Уул аймгийн ойн сан, байгалийн баялаг ихтэй газруудад явуулын болон түр хяналтын пост ажиллуулж эхэлсэн. Улмаар 2019 оноос эхлэн байнгын хяналтын пост болгон өргөжүүлж байгаль орчны эсрэг үйлдэгдэж гэмт хэргийг таслан зогсоож байна. Ингэснээр тухайн төрлийн гэмт хэрэг 92.8 хувь хүртэл буурсан үзүүлэлтэй байна.

Хяналтын постууд ойн сан болон усан сан бүхий газарт нэвтрэх автозамуудад байрладгаараа давуу талтай аж. Тодруулбал Хонгор, Шарын гол сумын нутаг дэвсгэр Цэхэр цөөрөм, Хүйтний гол, Бичигт хад гэсэн гурван хэсэгт байнгын пост ажиллуулахын зэрэгцээ мэргэжлийн байгууллагын алба хаагчид 7 хоног бүр ээлжлэн ажиллаж байна. Байнгын пост ажиллуулах нөхцөл боломжийг аймаг орон нутгийн удирдлагууд төсөв хөрөнгийг шийдэж өгч байна. Энэ жилийн тухайд дөрвөн дугуйт вагончик, ой хамгаалагчдад хоёр ширхэг мотоцикл худалдан авч өгчээ.

Өдөр бүрийн мэдээллийг цаг алдалгүй утсан холбоогоор шууд холбогдон мэдээлэх, шалган нэвтрүүлэх хэсгээр дамжин өнгөрч буй автомашин бүрийг зорчигчийн хамт бүртгэн баримтжуулан явах чиглэлийг тэмдэглэдэг байна.

Цаашид БОАЖГ, ОБГ, ЦГ, МХГ, Прокурорын газар, сумдын ойн байцаагчид болон холбогдох шатны мэргэжилтнүүд хамтарсан багаар ажиллаж хяналт шалгалт тогмол хийх ажээ.

 

 

Холбоотой мэдээ