Т.Баасансүрэн:Ухамсарт бүх амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулсан Монголын сэтгүүл зүйд би туйлаас дуртай

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-25 22:06:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зохиолч, сэтгүүлч, судлаач Т.Баасансүрэнгийн уран бүтээл, эрдэм судлалын ажил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн шүүмж судлал, тулгамдсан зарим асуудал” 2 боть номын нээлт  өнөөдөр боллоо.


Тус хурлыг Улаанбаатар эрдэм их сургуулийн Эрдмийн зөвлөл, Сэтгүүл зүй, Олон улсын энхим, МСНЭ, ТВ-9 телевиз, МЗЭ-ийн Хүүрнэл зохиолын төв, “Соён гэгээрүүлэгч” телевиз хамтран зохион байгуулсан юм.


Зохиолч, сэтгүүлч, судлаач Т.Баасансүрэн улс нийгэмд 46 жил, түүнээс хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 30 гаруй жилийнхээ хөдөлмөрийг зориулжээ. Тэрбээр “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал 7 боть, “Монголын нууц товчоо”-нийтлэлийн дурсгалт бичиг мөн”, “Сономбалжирын Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ” зэрэг судалгааны томоохон бүтээл туурвижээ.


Эрдэм шинжилгээний хуралд УБЭИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, академич Т.Дорж “Зохиолч, сэтгүүлч, судлаач Т.Баасансүрэнгийн уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлын тойм судалгаа” үндсэн илтгэл тавив. Утга зохиолын бүтээлүүдийнх нь талаар МУСГЗ, доктор Ү.Хүрэлбаатар “Тугалхүүгийн Баасансүрэнгийн хүүрнэл зохиолын тойм”, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхан “Тэрбумтан романы нь тухай”, МУСГЗ, доктор Б.Пүрэвдаш “Наран саран дэлхий ба Чингисийн Монголын онгон байгаль” номын нь тухай”, МУСГЗ доктор, профессор М.Зулькафиль “Монголын сэтгүүл зүйн шүүмж судлалд доктор, профессор Т.Баасансүрэнгийн оруулсан хувь нэмрийг үнэлэн цэгнэхүй” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.


Т.Баасансүрэн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт газрын дарга, дэд ба ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.

МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд “Эрдэмтэн Т.Баасансүрэн МОНЦАМЭ агентлагт ажиллаж, тус агентлагийн үүсэл, хөгжил, төлөвшлийн түүхийг судалсан нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус илтгэлд, “Судлаач Т.Баасансүрэн нь Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үүсэл, хөгжил, төлөвшлийн асуудлыг туйлын нухацтайгаар тогтож судалж, уг сэдвээр олон удаа илтгэл тавьж, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг төвийн сонин, сэтгүүлд нийтлүүлж, ном зохиол туурвисан эрдэмтэн билээ. Тэрбээр МОНЦАМЭ агентлагийн түүхэн замналыг харуулсан “Миний нэр, миний гэр МОНЦАМЭ” /2001/, “Монголд мэдээллийн агентлаг үүсэн хөгжсөн нь” /2001/, “Үндэсний мэдээллийн агентлаг-тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг” /2001/, “МОНЦАМЭ-гийн хэвлэлүүд: уламжлал ба шинэчлэл, тулгамдсан зорилт” /2010/, МОНЦАМЭ агентлаг: үүсэл хөгжил, түүхэн замнал, ойрын зорилт” /2010/ зэрэг ном товхимлыг биечлэн удирдаж эмхэтгэн гаргасан. Мөн “МОНЦАМЭ: үе үеийнхэн” /2002/, “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал ботийг /2009-2010/ МОНЦАМЭ агентлагт ажиллаж байхдаа бүтээсэн байна. Уг цуврал нь МОНЦАМЭ агентлагаас Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэхэд оруулсан үүргийг шинжлэх ухааны үндэслэлтэй түүхэн баримт нотолгоонд тулгуурлаж тодруулсан анхны дорвитой бүтээл болсон гэж бид үздэг. Өнгөрсөн түүхээ судалж, таньж мэдэж байж ирээдүйн төлвөө тоймлодог, ойрын зорилтоо тодорхойлдог нь хүн төрөлхтөн, улс орнууд, түүний дотор мэдээллийн байгууллагуудын хөгжил дэвшлийн жам ёс юм. Т.Баасансүрэн тус агентлагийг удирдаж байхдаа байгууллагаа хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлж, мэдлэг чадвартай боловсон хүчнээр хангах чиглэлээр олон зүйлийг санаачилж хийдэг, удирдан зохион байгуулдаг байсныг энэ завшааныг ашиглаж тэмдэглэх зөв” хэмээн дурдав.


Сэтгүүлч Т.Баасансүрэн хэлэхдээ, “Энэхүү эрдэм шинжилгээний хурал бүхэл бүтэн нэгэн жаран илүүний ажил амьдрал, бүтээлч үйл ажиллагаагаа эргэн харж, эргэцүүлэн бодох боломж олголоо. Хүн болж төрснийхөө хувьд гишгэсэн мөрөө гүйлгэн харж гийгүүлсэн зүйл төдий л олонгүй боловч өөртөө шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө сахилгажуулж бүтээл туурвилаа эмхлэн журамлаж, бүртгэлжүүлэх учиртай юм байна гэсэн ухаарал болоод сэхээрлийг зэрэг зэрэг төрүүллээ. Ухамсарт бүх амьдралаа бараг бүгдийг хоёргүй сэтгэлээр зориулсан монголын сэтгүүл зүйд би туйлаас дуртай, энэ шинжлэх ухаанд гүн хүндэтгэлтэй ханддаг хүн. Энэ бол миний үндсэн төрөлх мэргэжил” хэмээв.

Мөн эрдэм шинжилгээний хурлын үеэр түүний "Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн шүүмж судлал, тулгамдсан зарим асуудал” 2 боть номын нээлт болсон юм. Эрдэм шинжилгээний хурал болон номын нээлтэд сэтгүүл зүй, утга зохиолын салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.



Холбоотой мэдээ