Дархан-уул аймаг “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-30 14:15:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ирэх онд буюу 2021 онд Дархан-Уул аймаг байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулан УБТЗ-тай хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар төмөр замын аюултай, аюулгүй бүсийн дэглэм, гарц, гармын талаарх мэдлэгийг дээшлүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, “Хүүхдийн төмөр замын цогцолбор” байгуулах асуудлыг судалж хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сургалтын баазад түшиглэн сурагчдад төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох, суурь ойлголт өгөх зорилготой олон талт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Ингэснээр 18 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид математик, физик, орос хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судалж ирээдүйн төмөр замын мэргэжилтэн төгсөн гарах боломжтой болох аж.

Амжилттай суралцаж төгссөн сурагчдыг гадаад болон дотоодын төмөр замын их, дээд сургуулиудад элсэн ороход нь дэмжлэг үзүүлж, төгсөж ирэхэд нь ажлын байраар ханган ажиллах юм байна. Энэхүү санамж бичиг 2 жилийн хугацаанд хэрэгжих аж.

Холбоотой мэдээ