Монгол-БНХАУ-ОХУ-ын гурван талт эдийн засгийн коридор байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-02 10:46:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-БНХАУ-ОХУ-ын эдийн засгийн гурван талт коридорын байгаль орчны асуудлыг тодорхойлсон танилцуулгыг нээх ёслол Женев хотын Олон улсын хүрээлэн буй орчны өргөөнд өчигдөр цахимаар болов.


Монгол-БНХАУ-ОХУ-ын эдийн засгийн гурван талт коридор байгуулах хөтөлбөрийн төсөлд байгаль орчны асуудлыг анхаарах, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн гаргах чиглэлээр  Швейцарын Байгаль орчин, тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны яамны санхүүжилтээр Швейцарын “Zoi Environment Network” ашгийн бус байгаль орчны судалгааны байгууллага уг танилцуулгыг бэлтгэжээ.


Тус ёслолд Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Швейцарын Байгаль орчин, тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны яамны төлөөлөгч Мартин Рон-Броссард, “Zoi Environment Network” байгууллагын захирал Отто Симонетт болон НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Рован Палмер нар оролцож, илтгэл хэлэлцүүллээ. 


Гурван талт коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн томоохон төсөл нь зөвхөн ОХУ, БНХАУ-ыг холбоод зогсохгүй Европ-Азийг хамгийн дөт замаар холбох коридор болохыг онцолж, эдгээр төсөл 3 дахь талын оролцоо, хөрөнгө оруулалтад нээлттэй бөгөөд Монголын тал байгаль орчинд халгүй хамгийн тэргүүний технологи, олон улсын стандарт ашиглахыг зорьж байгааг Элчин сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэв.


НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Рован Палмер дэд бүтцийн төслүүдэд байгаль орчны тогтвортой байдлыг хангах санаачилгыг Монгол Улс 2017 онд гаргаж, 2019 онд НҮБ-ын Байгаль орчны их хурлаар тогтоол батлуулсныг онцолж, тус санаачилга нь олон улсын хэмжээнд ихээхэн талархал хүлээж байгаа гэв. Мөн тэрээр Монгол Улс нь НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл санаачилгад нэгдсэн анхны орон болохыг тэмдэглэв.


Ёслолд Женев хотод байрладаг байгаль орчны чиглэлийн олон улсын байгууллага, Швейцарын хувийн хэвшил, худалдааны танхимын төлөөлөл, зарим судлаач оролцов.

Холбоотой мэдээ