УГЗ Ш.Батсайханд нутгийнхан нь хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-08 09:20:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайханыг аймгийн Жаахан шарга театрын удирдлага, үе үеийн уран бүтээлчид мөн аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газрын хамт олон угтан авлаа. УГЗ Ш.Батсайхан өөрийн ажил амьдралын гараагаа эхлүүлж, алдрын оргилд хүргэсэн алтан тайзнаасаа адис авч, хүндэтгэл үзүүллээ.

Олон сайхан дуу, аялгуугаараа монгол түмнийг баясгаж ирсэн хөгжмийн зохиолч маань УГЗ хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн нь манай театрын үе үеийн уран бүтээлчдийг баярлуулсан, омогшуулсан сайхан үйл явдал болж байна. Нөгөө талаараа залуу уран бүтээгчдэд урам зориг өгсөн шагнал байлаа. Ш.Батсайхан багшийн хувьд 60 гаруй жилийн түүхтэй Соёлын ордон, 30 гаруй жилийн түүхтэй театрын байгууллагаас төрөн гарсан дөрөв дэх гавьяат юм. Цаашид булган сүүлтэй байж олон алдартнуудыг театраасаа гаргах болтугай гэж ерөөе хэмээн Жаахан шарга театрын дарга Г.Баярцогт хэллээ.


Харин аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа хэлэхдээ, төр засагтаа маш их талархаж байна. Энэ бол үнэхээр нүдээ олсон шагнал. Ш.Батсайхан багшийн маань ажиллаж байсан Жаахан шарга театр, сургууль болгоноос гавьяатад олон удаа тодорхойлж байсан. Үнэхээр хүн бүрийн хүсэн хүлээсэн шагнал энэ цагт Сүхбаатарынханд ирлээ. Энэ хүн дуу хөгжмийн багшаар ажиллах хугацаандаа олон зуун хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх дугуйлан секцүүдийг хичээллүүлж, мөн олон урлагийн мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэх, цаашлаад шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргахад нөр их хөдөлмөрөө зарцуулсан хүн. Хэдийгээр сүүлийн жилүүдэд багшилж байгаа ч уран бүтээлээ орхигдуулалгүй тасралтгүй туурвисаар ирсэн үнэхээр гавьяатай хүн юм. Энэ шагнал түүнд цаашдынх нь уран бүтээлд маш их урмыг өгч байгаа байх. Сүхбаатарынхан төдийгүй Монголын ард түмэн түүний уран бүтээлийг байнгын хүлээлттэй байдаг гэв.

Ийнхүү Сүхбаатар аймгийн боловсрол, соёлын салбарын хамт олон шинэхэн гавьяатаа нутагтаа бахархалтайгаар угтан авлаа.

 

Холбоотой мэдээ