“Будапешт Гранд слам” тэмцээнд Монголын 26 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-19 15:36:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 10 дугаар сарын 23-25-нд Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн "IJF world tour" Гранд слам тэмцээн зохион байгуулахаар шийдвэр гаргасан.


Дэлхийн дахиныг хамарсан “COVID-19” коронавируст халдварын улмаас хагас жилийн турш тэмцээнгүй байсан жүдо сонирхогчдын анхаарал Будапештэд төвлөрөхөөр болж байна. Тус тэмцээн нэгд, цар тахлын 2 дахь давалгааны үеэр тэр дундаа өвчлөл ихтэй Европ тивд зохион байгуулж байгаа, бас халдвараас урьдчилан сэргийлэх дээд зэргийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй Унгар улсад, хоёрт, Унгар улс олон улсын харилцааны арга хэлбэрүүдээс спортын уралдаан тэмцээнийг өөрийн улсад зохион байгуулах талаар ихээхэн анхаарал тавьж, спортын арга хэмжээг дипломат арга хэмжээ болгон ач холбогдлыг нь нэмэгдүүлж байгаа гэдгээрээ онцлогтой юм.


"Будапешт Гранд слам"-ыг жүдо бөх сонирхогч, хөгжөөн дэмжигчид ихэд сонирхож байгаа ч цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, маш өндөр хяналт дор зохион байгуулах учраас ТВ, онлайнаар шууд дамжуулалтыг үзэхийг уриалж байгаа аж. 

 

IJF-гээс зарласан ирэх жил болох "Токио 2020" зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо өгөх 3 тэмцээний нэг "Будапешт Гранд слам"-д 5 тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөх юм.

 

Монгол Улсын хувьд гавьяат М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури /Саид Моллай/ гэсэн гурван дасгалжуулагчтай эмэгтэй 13, эрэгтэй 13 нийт 26 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгөөд байгаа гэж МЖБХ-ноос мэдээллээ.

 

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, Б.Цогтбаяр, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д С.Моллай, Б.Мөррэнцэн, 90 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, -100 кг-д Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, А.Нямхишиг, 52 кг-д Б.Хорлоодой, Ц.Гал-Од, 57 кг-д Б.Алтанцэцэг, 63 кг-д Л.Дэлгэрмаа, О.Саруул, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Буянжаргал, -78 кг-д О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +7 8кг-д Э.Гандиймаа, А.Адьяасүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно.


Тамирчид, дасгалжуулагчид Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг дагаж, ХӨСҮТ-ийн эмчийн хяналтанд байж коронавирусний шинжилгээг өгсөн бөгөөд тусгай нислэгээр Унгар улсыг зорих юм. Мөн Унгарт очоод зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтанд байж, хэнийг ч гаргахгүй бас оруулахгүй байхаар өндөр зохион байгуулалттай юм байна.

Холбоотой мэдээ