Орон нутгийн татварын орлого тасарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-23 22:09:12

Дархан-Уул аймгийн орон нутгийн татварын болон татварын бус орлогын гүйцэтгэл 76,2 хувьтай байгааг аймгийн Татварын хэлтсийн дарга Ж.Баттулга аймгийн ЗДТГ-т долоо хоног бүр болдог даваа гарагийн шуурхай хуралд мэдээлэв.

Тэрбээр орон нутгийн татварын болон татварын бус орлогоор сард хоёр тэрбум 2015,0 сая төгрөг төвлөрүүлэхээс одоогийн байдлаар 850,4 сая төгрөг, өссөн дүнгээр найман тэрбум  529,5 сая төгрөг төвлөрүүлэхээс зургаан тэрбум 496,9 сая төгрөг төвлөрүүлсэн. Татвар хураалтыг боломжит бүхий л нөхцлийг бүрдүүлэн явуулж байгаа гэв. Орлогын гүйцэтгэлийг хангах, тасалдлыг нөхөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байгаа гэнэ. Тухайлбал: аймгийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, замын хураамж төвлөрүүлэх ажлын тогтоосон хугацаа дуусч байгаа ч хамрагдалтын хувь 76,6 хувьтай. Энэ ажлын хүрээнд 410,9 сая төгрөг төвлөрүүлэхээс 4345 тээврийн хэрэгслийн 314.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна.  Төрийн болон төсөвт байгууллагууд хайнга хандаж байгаа учир ойрын хугацаанд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөхийг анхаарууллаа.

Мөн ХХОАТ нэг тэрбум 651,7 сая төгрөгөөр, газрын төлбөр 76,4 сая төгрөгөөр, хог хаягдлын хураамж 35,0 сая төгрөгөөр, ус рашаан ашигласны төлбөр 76,4 сая төгрөгөөр тус тус тасарч явна. Аймгийн Татварын хэлтэс нь данс хаах, шүүхэд шилжүүлэх зэргээр ШШГА-тай хамтран ажиллаж байгаа боловч төлбөрийн чадвар хомс байна гэлээ.

                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ