Трамп Иран улсад цөмийн зэвсэггүй хүчирхэг гүрэн болохыг ерөөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-21 13:31:36

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсыг хүчирхэг, гэхдээ цөмийн зэвсэггүй хүчирхэг улс болохыг хүсэн ерөөж байгаагаа мэдэгдэв. Цагаан ордны тэргүүн мягмар гарагийн орой Пенсильван муж улсад дэмжигчдэдээ хандан үг хэлснийг Америкийн телевизийн томоохон сувгууд шууд дамжуулжээ.


“Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх АНУ-ын өмнөх засаг захиргааны байгуулсан аймшигт гэрээнээс гарах шийдвэрийг би гаргасан. Хэрэв бид сонгуульд ялбал миний утас цохих анхны улс бол Иран байх болно” гэж Трамп хэлсэн байна.


Түүний хэлж буйгаар, Америкийн хориг арга хэмжээний улмаас Ираны ДНБ 27 хувиар унажээ. “Би ийм зүйлийг хүсэхгүй байна. Тэд сайн сайхан байгаасай гэж хүсэж байна, гэхдээ тэд цөмийн зэвсэгтэй байж болохгүй. Иран хүчирхэг, агуу улс болоосой гэж хүсэж байна. Бид ялмагц эхний дуудлагыг Иран руу хийнэ. Тохиролцоо хийнэ” гэж Трамп хэлжээ.


Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ 2018 онд гарсан юм. Уг төлөвлөгөөг Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн хямралыг зохицуулах зорилгоор ОХУ, АНУ, Их Британи, БНХАУ, Франц болон Герман улс Ирантай хамтран боловсруулсан билээ. АНУ-ын эрх баригчид Ираны эдийн засгийг боомилох зорилготой “хамгийн дээд зэргээр шахалт үзүүлэх” кампанит ажлыг эхлүүлсэн. АНУ-ын эрх баригчид наймдугаар сарын эхээр Ираныг цөмийн хэлэлцээрийг зөрчсөн гэж дахин буруутгаж, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнд заасан журмын хүрээнд тус улсын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээг сэргээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Вашингтоны холбогдох хүсэлтийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео наймдугаар сарын 20-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн даргад биечлэн шилжүүлэн өгсөн байна.


Энэ сарын 18-нд Помпео мөн Иранд зэвсэг нийлүүлсэн эсвэл худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд АНУ дангаар хориг арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгдсэн юм.


Харин Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнд оролцогчид АНУ гэрээнээс гарсан тул гэрээг дагаж мөрдөхийг шаардах боломжгүй гэж үзэж байна.


Холбоотой мэдээ