А.Энхбаатар: Гарал үүслийн бичиггүй махыг зах руу нэвтрүүлэхгүй

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-23 17:10:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Мал, мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс “Нарантуул 2”, “Нарлаг дэнж”, “Хүчит шонхор”, “Дөрвөн шонхор” худалдааны төвд тус тус хяналт шалгалт хийж байна.  

Энэхүү шалгалт нь 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 27 хүртэл 45 хоногийн хугацаанд болох юм байна. 


Өнөөдөр “Хүчит шонхор” захад хяналт шалгалт хийж буй Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттүвшингээс хяналт шалгалтын талаар тодруулахад, “Малын хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор малын мах худалдан, борлуулдаг томоохон худалдааны төв, ченж болон тээвэрлэн ирж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавилаа. Ингэснээр бүртгэл судалгаагаа шинэчилж, бүртгэлийн нэгдсэн санг бий болгож байна. Гарал үүслийн бичиггүй малын махыг худалдааны төв рүү нэвтрүүлэхээр завдсан хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авсан” гэв.


Энэхүү ажлыг тус захын удирдлагатай хамтран зохион байгуулж байгаа аж. “Хүчит шонхор” захын Олон нийттэй харилцах албаны дарга Р.Цэдэн энэ үеэр хэлэхдээ “Манай зах эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг эрхэмлэж ажилладаг. Эхний цэгээс захын үүдэнд ирэх хүртэл тодорхой хяналтын дамжлагаар малын махыг нэвтрүүлдэг. Үүнд давхар хянаж малын гарал үүслийн гэрчилгээг шалгаж нэвтрүүлдэг” хэмээлээ. 


“Хүчит шонхор” захын малын их эмч А.Энхбаатар малын гарал үүслийн бичгийг хэрхэн шалгадаг талаар хэлэхдээ, "Өглөө зах нээх бүрт нэвтрүүлэхээр тээвэрлэн ирсэн малын махны гарал үүслийн бичгийг шалгаж, эрүүл ахуйн чанар, стандартад нийцсэн эсэхийг хянадаг. Зөвхөн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд л нэвтрүүлнэ. Цаашлаад нэвтэрсэн хойно нь үе шаттай дээж авч, лабораторийн шинжилгээ хийдэг. Хэрвээ малын гэрчилгээгүй, зөрчилтэй байвал цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Манайд гарал үүслийн бичиггүй малын мах нэвтрүүлэх ямар ч эрх байхгүй” гэв.

                                                                                                                                                                                                                                                                                                Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ