Камбожийн Ерөнхий сайд өөрийгөө тусгаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-05 12:41:56

ПНОМПЕНЬ. /CNN/. Камбожийн Ерөнхий сайд Хун Сен коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсныг үл харгалзан өөрийгөө тусгаарлахаар болсноо лхагва гарагт мэдэгдлээ. Тэрбээр шинжилгээний хариу нь мягмар гарагт эерэг гарсан Унгарын Гадаад хэргийн сайд Питер Сижьяртотой уулзсан тул ийнхүү өөрийгөө тусгаарлажээ.


П.Сижьярто Камбож улсад мягмар гарагт айлчилж, Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтантай уулзжээ. Унгарын Гадаад хэргийн сайд Камбожоос Тайландын нийслэл Банкокт ирснийхээ дараа коронавирусний шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан гэж Унгарын Гадаад хэрэг, худалдааны яамнаас “CNN” сувагт мэдээлсэн байна.


“П.Сижьяртогийн шинжилгээний хариуг сонссон даруйдаа эмч нар Унгарын төлөөлөгчидтэй ойр байсан хүмүүст шинжилгээ хийсэн. Миний болон гэргий, хамгаалагч, жолооч нар зэрэг 18 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэвч аюулгүй байдлыг хангах үүднээс эмч нар надад 14 хоног өөрийгөө тусгаарлаж, гэр бүлийнхэнтэйгээ уулзахгүй байхыг зөвлөсөн” гэж Хун Сен “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Ерөнхий сайд тусгаарлагдах хугацаандаа өргөөнөөсөө ажил үүргээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэнийг “Agence Kampuchea Press” агентлаг уламжилжээ. Унгарын Гадаад хэргийн сайдын хувьд Тайландад товлосон ажлуудаа цуцлан хувийн нисэх онгоцоор нутаг буцсан гэж Тайландын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ