Д.Батмөнх: Сэтгүүлчийн ажил хөдөлмөр цаасгүй технологид шилжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-06 17:28:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан “Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ" эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.


Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Үнэн” сонины дугааруудад философийн талаас нь судалгаа хийснээ дүгнэж “Нийгмийн сэтгэл зүйг өөрчилж шинэчлэхэд “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг” нэртэй дөрвөн хэсгээс бүрдсэн илтгэлийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША, доктор, дэд профессор Д.Батмөнх танилцуулав.


Илтгэлийн гол санаанаас дурдвал, “Үнэн” сонины чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг Монгол Улсад хөгжүүлж, төлөвшүүлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ сонинд тухайн үеийн шилдэг сэтгүүлчдийн баг ажиллаж байсан бөгөөд нийгмийн хөгжил дэвшилд саад учруулж буй алдаа, дутагдлыг илрүүлж, засаж залруулах арга замыг эрэлхийлсэн чадварлаг нийтлэл, өгүүлэл, сурвалжилга, ярилцлага бичиж, олон нийтийн анхаарлыг асуудлын гарц гаргалгаа руу чиглүүлдэг байжээ. Тухайлбал “Дархан цаазат ууланд зарлигаар халдагсад” нийтлэлээс эхлээд байгаль орчны, нийгмийн асуудал хөндсөн олон бүтээ тус сонинд нийтлэгдэж, асуудлыг шийдвэрлэх, нийгмийг өөрчлөн байгуулахад хувь нэмрээ оруулж байжээ. Одоо цаашид анхаарах гол зүйл нь цахим эрэн зуунд мэдээлэл олж авах, боловсруулж, түгээх хүчирхэг баг бүрдүүлэх шаардлагатай. Мэдээллийн эрэн зуунд сэтгүүлчийн ажил хөдөлмөр цаасгүй технологид шилжиж, цаг хугацаа, орон зайн философийн ойлголт өөрчлөгдөж, сонины сэтгүүлчийн ноёрхлын үе шувтарч, ухаалаг технологийн цахим үе ирж буй нь тодорхой болж байна гэсэн юм.


Дараагийн илтгэл болох “Нийтлэл зүйн бичлэгийн төрөл зүйлийг хөгжүүлэх, чөлөөт сэтгэлгээг Монголд дэлгэрүүлэхэд “Монголын үнэн”  сонин, түүний уран бүтээлчдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр” илтгэлийг доктор профессор Т.Баасансүрэн танилцуулав.


Түүний илтгэлийн гол агуулга нь “Үнэн” сонин товч мэдээ, ярилцлага, сурвалжилга, найруулал, аян замын тэмдэглэл, сэтгүүл зүйн судлал шүүмжлэл зэрэг сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийг хөгжүүлэн, төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Шинэ Монгол Улсын нийтлэлчийн өсөж хөгжих, дээшилж дэвших жинхэнэ талбар болж өгсөн. Монголын сэтгүүл зүйд “Үнэн” сонин бичлэгийн бүхэл бүтэн дэг жаягийг буй болгож, тэр нь сэтгүүлчдийн ур чадварыг тодорхойлж, тэргүүлэгч, чиглүүлэгч хүчин зүйл болж нөлөөлж ирсэн тухай ярилаа.


Үнэн сонины 1920-2020 оны 9 дүгээр сар хүртэлх 100 жилийн хугацаанд хэвлүүлсэн бүх дугаарыг гар утасны апплекейшн болон вебсайтаар “PDF хэлбэрээр унших боломжтой болсон талаар “E-SAN” төслийн харилцагчийн менежер П.Нямгэрэл энэ үеэр сонирхууллаа. Сонины уншигчид “E-SAN” апплекейшныг гар утаснаасаа татаж, бүртгүүлж төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээ авах боломжтой аж. Тус байгууллага нь Монгол Улсад байгаа бүх хэвлэмэл мэдээллийг цахимд байршуулах, их дээд сургуулийн номын санг нэгтгэж, архив бүтээх зорилготой юм байна. Одоогоор 20 мянга орчим бүтээл тус санд байрлуулжээ. Энэ чиглэлээр Соёлын яам, Оюуны өмчийн газартай хамтарч ажиллаж байгаа гэлээ.



Холбоотой мэдээ