Зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад онцгой анхаарахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-13 10:57:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж, улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотой Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлсэн ажил, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын гаргасан А/1242 дугаар захирамжийн биелэлтийг хэлэлцлээ. 


Өчигдөр үдшийн 20.00 цагийн байдлаар Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор нийт 1363 тээврийн хэрэгсэл нэвтэрсний 688 нь орсон бол, 675 нь хотоос гарах чиглэлийнх байв. Эдгээр тээврийн хэрэгсэлд 3185 зорчигч товчоодоор орж, гарчээ. 


Улаанбаатар хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд 19 аж ахуйн нэгжийн 829 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарсан. Нийтийн тээврээр зорчигчдын дүүргэлт дунджаар 20-30 хувьтай байсныг Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэлэв. 


Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжих Засгийн газрын тогтоол, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ, НОБГ-аас нийт 2500 гаруй алба хаагч шийдвэрийн биелэлтийг сахиулж, эргүүлээр ажиллажээ.


Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нөхцөл байдлыг далимдуулж хүнсний бүтээгдэхүүний зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасан юм. 


Тэрбээр “Улаанбаатар хотын иргэдэд шаардлагатай дүрэм, журмыг таниулж, мэдээллээр хангаж ажиллаарай. Мөн автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг илүү чангатгах шаардлагатай. Ялангуяа дүүргийн удирдлагууд харьяа нутаг дэвсгэр дэх хяналтаа сайжруулж, хөл хориог чангатга” гэв. 


Мөн коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байрууд, явсан газруудад ариутгал, халдваргүйтлийг сайтар хийж, халдвар хамгааллын дэглэм хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов.

Холбоотой мэдээ