Хязгаарлаагүй төрийн байгууллагын ажилчдын 15-20 хувь нь ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-17 23:10:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хязгаарлалтад багтаагүй төрийн бүх шатны байгууллагын нийт ажилчдын 10-15 хувийг ажиллуулах тооцоо төлөвлөгөө боловсруулж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болж байгаа талаар УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээллээ. 


Харин хувийн хэвшлийг аль болох цахимаар ажлаа явуулахыг шаардахаар болжээ. УОК-ын шуурхай багийн өнөөдрийн хуралдаанаар дээрх саналыг гаргасан байна. 


Цаашид зөвхөн хүнс, эрүүл мэндийн үйчилгээний зориулалттай байгууллагыг хэвийн горимоор ажиллуулахаар төлөвлөж буйг мөн онцоллоо.


Нийтийн тээвэр болон хувийн автомашинтай эсхүл явганаар зорчих цагийг өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд тогтоож ажлын үнэмлэх, тухайн байгууллагаас олгосон "энэ хүн ажиллаж болно" гэсэн албан тодорхойлолттой байхыг шаардана.


Иргэд эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг зайлшгүй шаардлагатай бол хүндэтгэн үзэх бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд тогтоосон цагаас бусад үед хөдөлгөөнд оролцох боломжгүй ч явганаар гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна.


Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх юм.

Мөн хөдөлгөөн хязгаарлалтад бүх шатны хууль, хүчний байгууллага хяналт тавьж, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож эхлэхээр болсон байна.

Ингэснээр хатуу хөл хорионы үр дүн гарна хэмээн мэдээлэлдээ тэмдэглэв. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. 


УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэлэхдээ, "ДЭМБ-ын зөвлөснөөр хөл хориог 90 хувь барьж чадсан улсад халдварын тархалт 40 гаруй хувиар багассан үзүүлэлт байна. Хөл хориог 80 хувь барьснаар тархалтыг 30 хувиар багасгасан статистик мэдээ байна. Тиймээс бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд гол мөрдлөг бол хорио цээр, хязгаарлалт. Хөл хориог манай ард түмэн сайтар ухамсарлаж мэргэжлийн байгууллагын шаардлагыг даган биелүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ бол иргэний үүрэг" хэмээв. 


Мөн тэрээр бүх нийтийн бэлэн байдалд шилжихийн өмнө Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн иргэдийг буцаах шийдвэр УОК-оос гаргаагүй гэдгийг тэмдэглэж, ташаа мэдээлэлд автан коронавирусний шинжилгээ өгөхөөр тусгайлан байгуулсан 18 цэгт дараалал үүсгэхгүй байхыг сануулав. Энэ талаар судалж байгаа бөгөөд орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах тусгай журам баталснаар албан ёсоор зарлана гэлээ.

Холбоотой мэдээ