202 сорьцод хийсэн PCR шинжилгээ бүгд сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-19 20:13:04

Дорнод /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн Вируслоги лабораторид 202 сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Өчигдөр өглөөнөөс эхлэн БОЭТ-ийн Халдвартын тасаг, Баянтүмэн постод шинжилгээг тогтмол авч эхлээд байна. Ягаанцээнэ өрхийн эмнэлгийн 27-р байрны салбар, Асралт үйлс, Мянганжаргалан ӨЭМТ-үүд болон Баянтүмэн постоор дамжуулан 1498 иргэнээс тандалтын шинжилгээг түргэвчилсэн оношлуулаар авсан гэв.  

Ажиллагааны баг энэ сарын зургаанаас хойш Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирсэн 1483 иргэнтэй утсаар холбогдож тандалт хийж мэдээлэл цуглуулсан байна. Дээрх иргэдийн 1032 нь аймгийн төвийнх, 451 нь хөдөө сумдын иргэд байгаа юм. Түүнчлэн 1048 нь хувийн унаагаар, 435 нь автобусаар иржээ. Тэдний ойрын хавьтал 2865 иргэнийг бүртгэж, гэртээ өөрийгөө тусгаарлахыг анхааруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллаж байна гэлээ.

Шаардлагатай тохиолдолд дэлгэх 284 ор бэлэн болоод байгаа гэж Ажиллагааны багаас мэдээлэв.  Өнөөдөр Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв Онцгой байдлын газрын дарга Г.Нармандах, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар аймгийн Шуурхай штабын Хариу арга хэмжээ авах ажиллагааны багийн ажилтай танилцаж,  үүрэг чиглэлээр хангасан байна.

Холбоотой мэдээ