“Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020” маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-24 17:45:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020”-г энэ жил цахим хэлбэрээр явуулахаар болжээ.


Энэхүү үзэсгэлэн ОХУ-ын Засгийн газраас олгож буй тэтгэлэгт Монголын бүх аймаг, орон нутгийн ЕБС төгсөгч, оюутан залуусыг мэдлэг мэдээллээр хангаж оролцуулах, тэтгэлгийн сонгон шалгаруулалтын журам, шаардлага, шалгуур, онлайн бүртгэл, бичиг баримт бүрдүүлэлт зэргийн талаар зөвлөгөө зааварчилгаа өгөх зорилготой юм.


Үзэсгэлэнд Оросын их, дээд сургуулиуд өөрсдөө оролцож элсэгчдэд сурах, амьдрах орчин нөхцөл, мэргэжил сонголт, карьер төлөвлөлтийн талаар мэдээлэл олгож, шууд холбогддогоороо онцлогтой. Учир нь элсэгчид тэтгэлгээр суралцах гэтэл ямар сургууль, мэргэжил сонгохоо төдийлөн мэддэггүй тул, гэрээсээ хол, өртөг өндөр хот болон сургууль сонгох, орчин нөхцөл таарахгүй байх, тухайн сургуулийн байрлах хот, онцлог зэргийн талаар урьдчилан мэдээлэл аваагүйгээс болж сургуульд элссэн хойно суралцахад хүндрэл учрах тохиолдол гардаг. Иймд дунд сургуулийн төгсөгч, оюутан залуус дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшихийг хүсвэл энэхүү цахим үзэсгэлэнд оролцох боломжтой.  


Үзэсгэлэнд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч, Оросын ТОП-50-д ордог их, дээд сургуулиуд, Монголын талаас ЕБС төгсөгч, их дээд сургуулийн 1, 2-р курсын оюутан, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй ажил эрхэлж байгаа хүмүүс, багш, эрдэмтэд, боловсрол, шинжлэх ухаанын салбарын байгууллага, тэдний төлөөлөл оролцох боломжтой.


Үзэсгэлэнгийн нээлтийг 2020 оны 11 сарын 25-ны өдрийн 15.00 цагт ОШУСТ /РЦНК//-ийн нүүр номын цахим хуудсаар явуулна.


Ташрамд дурдахад, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай улсаас жилд тус улсад 500 оюутан суралцдаг бол 2021 оноос 550 оюутанд тэтгэлэг олгох юм.

Холбоотой мэдээ