Эмэгтэй тамирчид “Парис-1900” наадмаас эхлэн албан ёсоор олимпод оролцож эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-25 17:04:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын хартийн үндсэн зарчмын зургадугаарт “Хувь хүн болон тухайн улсыг арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төр зэрэг аливаа байдлаар ялгаварлан гадуурхах нь олимпын хөдөлгөөнд үл нийцнэ” хэмээн заасан байдаг.


Орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үүсгэн хөгжүүлж эхэлсэн үеэс спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь эерэг хандлага руу түлхүү чиглэх болсон. “Афин - 1896” анхдугаар олимпын наадамд Грекийн Стамата Ревити марафоны төрөлд өрсөлдсөн нь орчин үеийн олимпын наадамд оролцсон анхны эмэгтэй тамирчин хэмээн түүхэн хуудаснаа тэмдэглэгджээ.




Хэдий тус олимпын наадамд эмэгтэйчүүдийн оролцоог хориглосон ч Ревити гараанаас гарч хурд хүчээ сорин эрэгтэй тамирчидтай өрсөлдсөөр уралдааныг 5 цаг 30 минутын хугацаагаар дуусгасныг гэрч, шүүгч нар гарын үсгээрээ баталгаажуулсан байна. Гэхдээ түүнийг олимпын төв цэнгэлдэх Панатинаикод нэвтрэхийг хориглосон юм. Улмаар тэрээр Грекийн олимпын хороонд хандаж өөрийн амжилтыг албан ёсоор тооцуулахыг хүссэн боловч тухайн үед энэхүү асуудлыг хэрхэн шийдсэн нь одоог хүртэл тодорхойгүй байдаг.


Зарим судлаач Ревитигээс гадна Мелпомене хэмээх хоёр дахь эмэгтэй "Афин - 1896" олимпын марафоны төрөлд оролцсон гэж үзэх нь ч бий. Энэхүү асуудлын хүрээнд олимпын түүхчид Ревити болон Мелпомене хоёр нь нэг хүн эсэх талаар санал нэгдээгүй мэтгэлцсээр байна.


Олон улсын олимпын хороо/ОУОХ/ спорт, олимпын хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү дэмжсээр иржээ. Эмэгтэй тамирчдын албан ёсны олимпын наадам дахь оролцоо нь “Парис-1900” II Олимпын наадмаас эхэлсэн түүхтэй. Олимпын наадамд эмэгтэйчүүдийг чөлөөтэй оролцуулах Пьер де Кубертины санаачилга хэдий эсэргүүцэлтэй тулгарсан ч Парисын олимпын наадамд оролцсон 997 тамирчны 22 нь эмэгтэйчүүд байсан бөгөөд, тэд газрын теннис, дарвуулт завь, модон бөмбөг /крокет/, морин спорт, гольф зэрэг 5 төрлийн спортоор өрсөлджээ.


Энэ үед боксын спорт олимпын хөтөлбөрт багтсанаар эмэгтэйчүүдийн боксын төрөл байх эсэх асуудал хөндөгджээ. Гэвч ОУОХ-ноос бокс нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэж, эмэгтэй боксын төрлийг олимпын наадмаас хассан байна.



“Лондон-1908” олимпын наадмаас эхлэн эмэгтэй тамирчид байт харваа, хөнгөн атлетик зэрэг төрлүүдэд өрсөлдөх болжээ. Гэхдээ, хөнгөн атлетикийн марафоны төрөлд эмэгтэйчүүд өрсөлдөх чадваргүй гэж үздэг байв. Улмаар “Лос-Анжелес - 1984” олимпын наадмаас эхлэн эмэгтэй марафончид олимпын тавцанд мөрөө үлдээсэн юм байна.


Харин 1970-аад оноос хойш олимпын наадам дахь эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү нэмэгджээ. Олимпын наадамд өрсөлдөж буй тамирчдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзлэх болсон бөгөөд ОУОХ нь эмэгтэйчүүдэд зориулсан төрлийг олимпын хөтөлбөрт үргэлжлүүлэн нэмсээр байна. 1991 оноос эхлэн олимпын хөтөлбөрт шинээр нэмэгдэх спортын бүх төрөлд эмэгтэйчүүдийн ангиллыг багтаах ёстой болжээ.


Францын Шамони хотноо 1924 онд зохиогдсон өвлийн анхдугаар олимпын наадмын үеэр цанын үсрэлтийн төрөлд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөж байсан бол түүнээс хойш 90 жилийн дараа “Сочи-2014” олимпын наадмаас эхлэн эмэгтэйчүүдийн тус төрөл нь албан ёсоор олимпын хөтөлбөрт багтсан байна.



Өвлийн анхдугаар олимпын эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд Норвегийн Соня Хени 17 настайдаа оролцон сүүлийн байрт орсон ч хөгжөөн дэмжигчдийн дунд алдаршиж, дараагийн гурван олимпын аварга болсон түүхтэй.

Холбоотой мэдээ