ЗӨН БИЛИГ ҮЗҮҮЛЭГЧ ЗҮҮДНҮҮД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-11-26 14:53:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


УРАН ЗОХИОЛООС ҮЛ ТУСДАА АСУУЛТ


“Зохиолч, яруу найрагч Гун-Аажавын Аюурзана”. Түүний тухай мэдэх бүхэн минь ердөө л энэ таван үг байлаа. Гэтэл 10 дугаар анги төгсөх хавар Улаанбаатар хотноо зорин хайрын шүлгийн “Аморе” наадамд амжилттай оролцоод ирэхэд минь ангийн охин “Хоёр хаан хоёр хонгил” гэсэн сохор бичээчийн зураг дүүргэж хавтасыг нь чимэглэсэн хар ном бэлэглэж билээ. Орчуулагч нь Г.Аюурзана.


Энэ арай нөгөө “Эрчүүдийг аврах төлөвлөгөө” өгүүллэг бичсэн, яруу найрагч ах биш байгаа гэх бодол зурсхийв. Ингээд л би зохиолчийг тав бус зургаан үгэнд багтаах төсөөлөлтэй болов. Эссэ, нийтлэл, зохиол, шүлэг, орчуулага гээд уран зохиолын төрөл зүйлд хамаарагдах бичвэр бүхэн нь уншигчдын нүдийг нээдэг онцлогтой зохиолч бол тэр мөн.


Утга зохиол судлаач, доктор С.Энхбаяр түрүү үеийн бүтээл болох “Илбэ зэрэглээ” романых нь талаар “Зохиогч уг бүтээлээрээ уншигчдад юу хэлэх гэсэн бэ, зохиогчийн байр суурь үзэл бодол хаана байна вэ гэсэн уламжлалт сүрлэг асуултуудад хариу авах боломжгүй” гэж бичсэн байна. Мэдээж уран зохиолоос үл тусдаа ч гэсэн уламжлалт сүрлэг асуултууд тэр цаг мөчид уран зохиолд шимтэж асан залуу үеийнхний төлөөллийн уран санд үлдсэнгүй. Өмнө үеийн “Шидэт өвгөний тууж”-уудын зохиогч Аюурзаныг мэдэхгүйгээр бид асуулт тавих эрхгүй болно. Энэ нь магадгүй “Пиквикийн тэмдэглэл”, “Хоёр хотын тухай тууж”-ийг уншаагүй жаалхүү “Оливер Твист”-ын төсөөллөөр Портсмутын суутан Диккенсийн талаар бусадтай маргалдахтай ижил зүйл.


2000-аад оны эхээр хүүрнэл зохиолуудаа туурвиж, шилжилтийн босгон дээр өрнөж байсан МУЗ-ын уран зохиолын шинэчлэлийн тэргүүн эгнээнд Г.Аюурзана явсан билээ. Харин шүлэг найрагт нэлээд хэдэн нэрс дурдагдах бөгөөд Л.Өлзийтөгс голын усанд унах навчыг, цардмал зам дээр буулгаж, тэнгэрийн хаяанд ганцаардаж суух хүүг цонхоор ширтээд уйтгарлах охин болгоод хувиргачихсан юм. Яг л үүн шиг хот хөдөөгийн ялгамжит шинжийг бүтээлдээ нэн өвөрмөцөөр шигтгэж, нүүдэлчдийн сэтгэхүйн онцлог, өрнийн уран зохиолыг төдийлөн ойшоодоггүй уншигчдын сэтгэлзүй, монголчуудын шугаман сэтгэлгээний гадуурхлыг үл тоон “Амь тавьж буй шувууны далавч” метароман хэлбэр бүхий өгүүллэгийн түүврээ 2006 онд хэвлүүлсэн байдаг.


Харин 2002 онд гарсан “Дурлалгүй ертөнцийн блюз”-ыг дээр дурдсан түүврийн хойно л олж авч билээ. Үүнээс хойш уншигчдийнх нь хамгийн их хүлээсэн өгүүллэгийн түүвэр “Дурлал зохион бүтээгч” нэртэйгээр 2016 онд хэвлэгдсэн юм.


АНГАР МӨРНИЙ ЭРЭГ ДЭХ ДУРЛАЛГҮЙ ӨДРҮҮД




Нэгэн удаа ОХУ-ын Эрхүү хотын зорихоор болов. Жижигхэн хүрэн чемадон дотор үзэг, тэмдэглэлийн дэвтэр, сольж өмсөх хувцас зэрэг ахуйн хэрэглээний зүйлс багтах нь мэдээж. Гэвч тэнд ном багтах зай үргэлж үлддэг юм. Харин миний мянга гаруй бүтээлийн сонголттой номын сан минь байв.


“Гэхдээ ихэнх хүнд яриад байхаар дурлал ерөөсөө тохиолдоогүй байдаг юм билээ”.


Г.Аюурзаны “Эрчүүдийг аврах төлөвлөгөө” өгүүллэгт энэ мөрүүд бичигдсэн буй. Үүнийг санасан даруй “Дурлалгүй ертөнцийн блюз”-ыг цүнчихэж билээ. Харин одоо Ангар мөрний эрэг дэх дурлалгүй өнгөрүүлсэн хэдэн хоногийн чөлөөнд хөтөлсөн тэмдэглэлийн дэвтрээ сөхөж харахул уг үгс бичээстэй байв. Төрсөн мэдрэмжээ алдчихгүйн улмаас яаруу, сандруу тэвдэж бичсэн уншихгүй ч байж болох хэдэн өгүүлбэр.


“Ангар мөрний хөвөөн дэх буудалд Аюурзаны “Дурлалгүй ертөнцийн блюз”-ыг тэврээд сууж байна. Гэрээс гарахдаа үүнийг л цүнхэлчихсэн, яагаад гэдгээ мэдэхгүй. Гэхдээ ийм цоо шинээрээ байх юм гэж огт санасангүй. Олон хүнд яриад байхаар дурлалын түүх байдаггүй тухай одоо л мэдэж авахдаа орь ганцаар үлдээгүйгээ ухаарах шиг санагдана. Амьдрал гэрэлтэй. Гэрэл үгүй байлаа ч гэрэлтэй болгох гэсэн адгуу хүсэл дотор минь төрдөггүй болохоор л бид гэрэл дотор оршдог ч юм бил үү, хэн мэдэхэв дээ".


Мэдээж тэр үед би уншиж байсан номондоо автаж, өөрт яриад байх уянгалаг хайрын түүх үгүйд хорссон үнэн гэх зүйлийн жинхэнэ гивлүүрийг л сөхөж харсан хэрэг. Тэгвэл дурлалыг зохион бүтээж болох уу? гэсэн асуулт ургана. Мэдээж болох зүйл шиг санагдана.


ЭХНИЙ УНШИГЧ




“Гүнд-Оог санаж байна уу? гэж Мундагаа надаас асуув”, “-Танд гадаадаас илгээмж ирж…”, “Цогт санаандгүй л “Бушуухан үхэх юм сан” гээд хэлчихжээ”, “Суваг сольж суутал, гэнэтхэн, баруун гараа шохойдоод хүзүүнээсээ сойчихсон бүсгүй төгөлдөр хуур тоглож харагдав!”, “Хагас жил нар үзээгүй туйлын бүрэнхий өвөл дууслаа” “Ганхүү гэнэт л амьдралынхаа гурван жилийг алгасчихжээ”…


Г.Аюурзаны “Дурлал зохион бүтээгч” номын олон өгүүллэг нь томоохон тууж, романы дундаас гэнэтхэн унших шиг сэтгэгдэл төрүүлэхүйцээр эхэлнэ.


Номын титэм болсон өгүүллэгтээ өөрийг нь тоож харахгүй, ихэмсэг зант бүсгүйг өөртөө дурлуулахын төлөө гол баатар залуу “дурлал зохион бүтээгч” гэгдэх нэг эрхэмд их хэмжээний мөнгө төлнө. Гэхдээ тэд хэн хэнтэйгээ учран цэнгэж, эр эмийн явдал үйлдэж буйгаа яг зэрэг, нэлээдгүй хэдэн хоног дарааллан зүүдлэхээс өөр зүйлгүй. Гэтэл “Сэтгэл зүрхийг маань ховсдох учиртай хэн нэгний тухай төсөөлөлтэйгөө бид анхнаасаа л хамт төрдөг мэт” гэх залуугийн бодол- зүүд нь бодит зүйл асныг нотлоно. Сэтгэл зүрхийг нь ховсдож буй хэн нэгний төсөөлөл, магадгүй зүүдэнд л бодит амьдрал оршдог ч юм шиг.


Зүүднийхээ дараа өнөөх ихэмсэг бүсгүйтэй уулзахуйд: “-Зүгээр л тэнэг зүүд. Тэгээд л гүйцээ!” гэхэд нь сэтгэлдээ тайтгарлыг эдлэгч залуу эр “Тийм дээ. Дурлал хэмээн хүмүүсийн нэрлэдэг мөнөөх гайхалтай ид шид гээч нь яг үнэндээ ердийн л тэнэг зүүд ч юм бил үү?” гэх хамгийн зөв гаргалгаанд эцэст нь хүрч буйгаа ойлгох аж. Бүх зүйлийн учирзүйг олж тайлсан гэгээнтнүүд хорвоогоос халихуйд ард нь тайлагдаагүй өчнөөн нууц үлддэг. Уран зохиол үүнийг л баталж, үзүүлэх бус уу.


“Хамгийн гүнд, хамгийн нууцлаг орших, хэний ч үл таних хаалгаар нэвтэрч орвоос тэнд ёс суртхуунаас ангид урт удаан үргэлжлэх шөнийн сэтгэцийн амьдралтай тулгарах болно. Тэнд хичнээн ёс суртхуунлаг “эго” байгаад ч нэмэргүй. Бүх эго тус тусдаа салангид оршино. Одод үй түмээр харагдах ч мананцарууд дунд яаж хийгээд тусдаа оршдогийг харах юм. Ухамсар ч бас дангаар оршдог биз. Гэхдээ зүүдний түнэр харанхуйн дотор бид ухамсраа илүү юниверсал, цар хүрээнээс давсан, бодит үнэн болгосноор хаа хүрэх газраа ойлгох боломж олгодог”. |К.Г.Юнг “Бэлгэдэлт амьдрал”|


Өгүүллэгийн гол баатар, бүсгүйн “эго” чухам үнэндээ өөрийн ахуйд л оршино. Гэвч зүүд хамгийн бодит үнэн болон тэдний дунд зуучилж байна. Тиймээс л “…амьдралдаа тохиолдсон хамгийн хачин зүйлийн учрыг олох ямар ч оролдлого хийлгүйгээр тэр айлаас гарсан юм даа” гэж зохиол төгсчээ.


Ямар ч ухамсарлахуйд цаанаасаа өгөгдсөн байдаг далдын хүчин зүйлс залуу эрд тохиолдоод буй хачин зүйлсийнх нь утга учрыг аль эрт хэлээд өгчихсөн учраас л тэр тайтгарч буй юм. Учир нь залуу хийгээд ихэмсэг бүсгүйн аль алиныг нь дурлал “зохион бүтээгчид” ховсдоогүй. Тэд л өөрсдийгөө илбэдсэн гэдгийг өгүүллэгт нууцлалгүй өгүүлсэн аж. Гагц залуу К.Юнгийн үзсэнээр, өөрийн зүүдээ “бодит үнэн” болгосноор явах замаа нэгэнт олж байна. Зүүдний үйл явц, тухайн хүний хүсэл, төсөөлөлд биежих үйлийн нийлмэл зүйл гэх үзэлтэй санал нийлэх филисофичид цөөнгүй байдаг шүү дээ.


З.Фройд ч “Зүүд бол зүсээ хувиргасан хүслийн илэрхийлэл” гэж үздэг. Ухамсаргүй үйлдсэн аливаа алхам, түүний төсөөллийн орон зайн биежилт нь зүүд мэт ойлгогдож буйг дээрх өгүүллэгийн далд санаанаас харж болно. Тиймдээ ч эл өгүүллэг дурлалын тухай бус харин хүмүүний амьдралын ээдрээт ер бусын тохиолдлууд, зүүд зөнгийн ертөнцөд хариулт өгөх гэж оролдсон далдлагдмал утгатай.


Уг номыг эхлэн уншихуйд нэг л энгийн, онц гойд зүйлгүй, ердийн бичлэгтэй мэт санагдаж асан сэтгэгдлийг минь хоёр дахь удаагаа анхааралтай уншихад л эхний өгүүллэгийн цаана өгүүлэгдэх гүн санаа нь ийнхүү тас цохиж орхив.


ДАХИН ГҮН РҮҮ…




Энэхүү номыг нэг утга санаанд зангидаж буй гол обьект бол “зүүд” юм. Латин Америкийн зохиолч Хорхэ Лүис Борхес “Зүүдний ном” (Орч. Д.Оюунчимэг) бүтээлдээ “Энейдагийн зургаадугаар номонд “Одиссей”-д байдаг тэр санааг давтаж, зүүд бидэн рүү Бурханы хоёр хаалгаар гарч ирдэг тухай өгүүлсэн нь бий. Нэг дэх нь зааны ясан хаалгаар гарч ирэх ба энэ нь худал хуурмаг зүүд байдаг гэнэ. Харин хоёр дахь буюу эврэн хаалгаар гарч ирсэн нь зөн билиг үзүүлэгч зүүд байдаг” гэх ба “Юутай ч зүүд гэдэг нь хүний оюун билгийн нэгэн өвөрмөц үйл ажиллагаа, олонхи уран бүтээлчдэд туйлын зөнч байдлаар үзэгддэг тийм нэг “жүжгийн хэсэг” билээ” гэжээ.


“Аз жаргалын үнэ цэн” бол ийм л зөн билиг үзүүлэгч зүүдний тухай өгүүлжээ. Харин “Өдөр өдөр өөрийн дуутай” гэсэн нь зохиолын өгүүлэмжийн хэсэг төдий болохоос чинад утга нь үүнтэй огтхон ч хамаагүй мэт. Гэвч дуунд бус өдөр бүхэн хүнд өөр учрал, өөр нарыг харуулж, шинэ ахуйг бий болгодог гэх санаа хэнд ч тодорхой.


“Бүр зүүдний гүнээс сонсогдсон юм шиг, нүдээ нээхээс ч өмнө дотуур маань хөврөхийг яана!” … “Зүүдэнд, зүс танихгүй залуу бүсгүй тэвэрч яваа хүүхдээ газарт буулгаад, юу ч юм бэ хэлээд инээмсрэх аж. Юу хэлээд байна аа? Яг өөдөөс нь мөлхөх мөнөөх бяцхан жаалын өхөөрдөм булбарай царайнаас хүүхдүүдийнхээ жилийн өмнөх, нялхын төрхийг нь олж хараад “Энэ чинь одоо хэн нь вэ дээ?” гэж өөрөөсөө асуув”. |“Аз жаргалын үнэ цэн” 31-р тал|


Элбэг, хангалуун амьдралтай ч Галсан эхнэртэйгээ сүүлийн өдрүүдэд таарамж муутай байх буюу өдөр бүхэн цахиртсан, гуниглангуй төрхтэй түүнийг угтах болж. Чухам аз жаргал хаана байж вэ? гэдгийг, дэргэд нь байлаа гээд Галсан үүнийг мэдэрч, үнэлж чадахгүй байсаар… Гэвч өгүүллэгийн төгсгөлд дээрх зүүд ирнэ. Энэхүү зүүдний ачаар л Галсанд аж жаргалын үнэ цэнийг таних ухамсар, зөн совин гэнэтхэн төржээ. “Одоо зан аашаараа ч, нүүр царайгаараа ч тэс өөр тэд нялхдаа эр эмгүй яг ижилхэн төрхтэй байсан сан” гэж хүүхдүүд өдөр бүрийн дуунаас илүү амьдралыг утга учиртай болгодог, аж жаргалын үнэ цэн юм байна гэдгийг эцэст нь тэр ойлгоно. Яг ийм өгүүлэмж “Дурлалгүй ертөнцийн блюз” метароманы төгсгөл буюу “Үдэлт” гэх бичил хэсэгт буй. Яг л Галсан шиг романы гол баатар: “-Амьдрал гэж юу болохыг би ойлгосон. Харин тэнд чинь жинхэнээсээ дурласан хүн нэг ч алга аа? гэв” гээд “-Ерөөсөө байдаггүй ч юм бил үү! гэж би хэллээ. –Аан… гэх жаахан хүүхдийн дуу сонсогдов. Холгүйхэн тоглож байсан охин минь над руу гүйн айсуй. Аз жаргал минь! Чи минь байдаг ямар сайхан бэ?” гэсэн буй.


Ер хүний амьдралд аз жаргалын үнэ цэнийг тодорхойлох зүйлс олон. Гагцхүү үүнийг анзаарч харахул Галсангийн зүүдэнд хүүхэд тэвэрч ирэх бүсгүй шиг, “Аан” гэх жаахан охины дуу шиг дохио л хэрэгтэй байдаг болов уу. Яг тэрхүү дохиог олж сонсоход нөгөө л нэг ойлгоход төвөгтэй “жүжгийн хэсэг” хүмүүст тусалдаг аж. Энэ бол зөн билиг үзүүлэгч зүүд. Нэгэн агшны “дохио” аз жаргалын үнэ цэнийг мэдрүүлж асан бол зохиогчийн сүүлийн өгүүллэгт энэ нь “зүүд” болон хувирчээ.


ЗҮҮДНЭЭС ЦААШ…




“Хээр хоносон сар” өгүүллэгт аз жаргалын үнэ цэнийг лавшруулан өгүүлнэ. Эхнэрийнхээ дэргэд “Бушуухан үхэх юмсан” гээд хэлчихсэндээ халаглан алхах Цогт үнэхээр л үхэгсэдийн дунд яваад орчихно.


Гурван жилийн өмнө бүрлээч болсон Чойжил өвгөн, өнгөрсөн жил нь нас барсан Цэцэгдарь бүсгүй бүгд л түүнтэй мэндэлж, инээмсэглэн зөрдөг ч ямархан нэг далдын хүч түүнд “галзуу эр”-ийг илгээжээ. Жижигхэн бөмбөрцөг, дугуй толь зэрэг элдэв хог новш үүрсэн залуу одон оронч Цогт дээр ирээд “Дэлхий дээр хэзээ ч тас харанхуй шөнө болдоггүй болгохын тулд ахиад нэг сар зохион бүтээгээд тойрог замд оруулах гэсэн юм” хэмээнэ. Үүнийг нь галзуу хүний л үг хэмээн ойлгох боловч эцэст нь өөрөө үхэгсдийн дунд амьдарч яваа мэт мэдрэмжид автсан хойно өнөөх залуу өөрийнх нь хайхрамжгүй зан чанарын золиос болчихоод үхэгсдийн дунд орчихсон, тиймдээ өөрөө ч мөн үхсэн хүмүүсийн ертөнцөөс хэрхэн хагацах тухай бодож “Түүнийг нээрэн тооцоолж гаргая байз. Бүр гурав дахь сар ч хэрэгтэй болж магадгүй” гэх зуурт сэрнэ.


Цогт зүүдэн дотроо л явж байсан хэрэг. Ийн сэрээд л тэр гурван сарыг харанхуй шөнө гэрэлтэж байхыг харна.


“…сүүгүй мөөмөө өвчин ортол нь үлгүүлсээр жаалхүүгийн ам хөдлөхийн аясаар зовиурлан хөмсгөө атируулж суугаа эхнэрийнхээ араас тэврэхдээ сормуусаа чийгтсэнийг анзаараад ичингүйрэх ч шиг болов. Хувцасны том шүүгээний нүүрний толинд цонх, бас хээр хоносон сарны дүрс туссан байлаа.” |“Хээр хоносон сар” 44-р тал|


Эхийнхээ мөөмийг үлгэх сар шиг сайхан хүү, хээр хоносон сар, шүүгээний толинд бас нэг сар. Гурван сар харанхуй шөнийг гийгүүлж байна. Цогт томьёог аль хэдийн олжээ. Аз жаргалын үнэ цэн гэдэг энэ.


Ер түүний өгүүллэгийн баатрууд өөрсдийн гэх орчин ахуйдаа маш сайн зохицсон, хүний ухамсар, бодол эргэцүүллийнхээ гүнээс амьдралын мөн чанарыг хайж, түүнийгээ олж, зарим олсон нууцаа уншигчид дэлгэхгүйгээр “зүүд”-ээ бичээд л энэ асуудлыг шийдчихэж байгаагийн цаад учир нь баатруудын зөн билиг, зохиолчоос хамааралгүй зохиол дотроо амьдарч чаддаг дүрүүдийнх нь онцлог билээ.


“Зохиолчийн туурвих үйл ажиллагаанд сэтгэх, зохион бодох, бичих, найруулах авьяас чадвараас гадна үл ухамсарлахуйн оролцоо чухал юм. Нэг үгээр “урлагийн тэнгэр бурхдын зарлиг лүндэн” гэж болох уран бүтээлчийн ухамсар, оюун санаа, бие сэтгэлд шингэмэл байгаль, сэтгэцийн хүчний нөлөөллийг “зөн”, хувь хүнд ноогдсон урлахуй, ур дүйн давуу талыг “билэг”, энэ хоёр хүч онгод болзмол нэр томъёогоор илэрхийлэгдэж, улмаар зохиолчийн авьяас, бүтээлч хөдөлмөртэй нэгдсэнээр зохиол төрөх үүтгэл шалтгаан болдог гэх үзэл эртнээс байж…” /Д.Галбаатар “Уран зохиол” нэвтэрхий толь/


Ийм л шалтгаанаас сонгодог зохиолууд төрдөг нь туйлбаргүй үнэний нэг л навч нахиа. “Эцгийн үхэл”, “Хээр хоносон сар”, “Солгой гарын ноктюрн”, “Хөлөг онгоцны яндан”, “Шидэт жимсний үнэр”, “Гүнз”, “Эртний гүүр” бүтээл зохиолчийн ухамсарт үл хамаарагдах, үл ухамсарлахуйгаар бичсэн зөн билгийн шинжтэй өгүүллэгүүд болжээ.


ХОЁР ХЭЛБЭР НЭГ САНАА




“Эцгийн үхэл” өгүүллэгт аавыгаа өнгөрснөөс хойш анх удаа, хол зөрүүтэй төрсөн ах дүү хоёр нутагтаа очиж буйг өгүүлнэ. Дүү нь үрэлгэн, амьдралын ухаан суугаагүй гэнэн хонгор нэгэн. Ах нь өөрийн гэх оршихуйгаа бүтээж, аж төрөх, аар саархан зүйлээс үнэ цэнийг олж чаддаг нэгэн. Гадаадад амраад ирэхэд нь Дүү нь: “Нэг их өндөр уулын бэлд аав, та бид гурав задгай гал дээр хоол хийж байх юм. Өндөр уулын цаанаас бас нэг өндөр уулын орой цэнхэртэн цухуйж, аав тийшээ заагаад “Гурвуулаа өнөөдөр, тэр цэнхэр уул руу гарна даа” гэж хэлж байсан…” зэргээр өөрийнхөө зүүдийг хүүрнэнэ. Дүү нь нутгийнхаа уулсыг харсан нь энэ болой. Ийн ах, дүү хоёр нутгийн уулаа зорино. Нутгийнх нь залуус огт байгаагүй, болоогүй зүйлсийг ахынх нь багын дурсамж болгон ярина. Доржоо өөрийн нь бага нас эл нутагт өнгөрсөн гэдгээ, мөн мартсан олон зүйлсийг биежүүлэхийн тул зохиомол дурсамж тусалж буй нь энэ.


Эндээс л “эцгийн зүүдлүүлж буй зүүд”-ний тухай заавал ярих хэрэгтэй болно. Ерөөс зүүд өөрөө сэтгэцийн маш олон өнгө төрх, хүний зан аашинд ухамсартай, ухамсаргүйгээр цаг үргэлж уялдаж нийлэгшсэн олон үйлдлүүд, тэдгээрийг тайлбарлах сэтгэц шинжлэлийн шинжлэх ухааны хамгийн өвөрмөц аспект мөн.


“Зүүд нь ухамсарт бус сэтгэцийн өөрийгөө илчилдэг үнэн төрх. Зүүдний детайл бүр жинхэнэ мөн чанарыг илтгэдэг. Тиймээс бидний ухамсар байх ёстой газраасаа дэндүү холдож, мухардалд орох үед буцах зүгийг заах хөтөч нь зүүд болдог”. /The Meaning of Psychology for Modern Man”(1933). In CW 10: Civilization in Transit/ |Орч Л.Энхтүшиг|


Яг л үүн шиг ахыгаа мухардалд ороод, ухамсаргүйд шилжих агшны үед дүү нь эцгийгээ зүүдэлж, тэдний зөв зам нээгдэж байна. Ингээд ах нь өөрийн оршихуйгаас огтхон ч ангид байх боломжгүй дүүгийнхээ өмнө төлж баршгүй их өртэй, эл өр анхнаасаа байсан мэт санана. Бид аливаа нэг зүйлээс хамааралтайгаар оршдог. Хүн цор ганцаар орших шалтгаан бүрэлдсэн байх нь өөрийн гэсэн гажуудлыг дотроо агуулна. Бурхан ч мөн хүмүүсээс хамааралгүй ганцаар оршвол бурхан байхаа больчихно шүү дээ.


“Эртний гүүр” өгүүллэгт энэ санаа бүр гүнзгийрчээ. Ах нь нас барахын өмнө дүүдээ өвөг дээдсийнхээ амьдарч асан нутаг орныг зүүдэлсэнээ ярина. Харин дүү нь үүнд тоомжиргүй хандаж, төсөөлөл төдий л зүйл гэж үзнэ. Гэвч ахыгаа нас барсны дараа өнөөх газрыг үзэхээр Сэлэнгийн “Эртний гүүр” нэрт зочид буудалд тухална. “Зүүд бол ердөө л төсөөлөл шүү дээ” гэж ахдаа хэлэхэд нь “Төсөөлөл гэдэг бодол санаагаараа төсөөлж, буй болгосон зүйлийг хэлнэ. Чи ямар нэг зүйлийг төсөөллөөрөө зориуд, барьж, бүтээж болно. Харин зүүд огт тийм биш. Түүнийг чи аль хэдийнээ бий болчихсон байдлаар нь, хөндлөнгөөс л харна. Зүүд, төсөөллөөр буй болдог зүйл биш, төсөөлөлөөс ч өмнө асан, “тусдаа ертөнц” гэж ах нь тайлбарлана. Ийн дүүтэйгээ ярилцсаныхаа дараа ах нь нас баржээ. Тэгээд л дүү нь “Эртний гүүр”-ийг харахаар ирсэн хэрэг.


Бразилийн зохиолч Пауло Коэльогийн “Алхимич” романы баатар Сантьяго ч мөн зүүднийхээ бодит үгүйг батлахаар, итгэл найдвар өвөртлөн их элсэн цөлийг туулж Египетийг зоридог. Үүнтэй л адилхан өгүүллэгийн баатар “Эртний гүүр”-ийг олж хараад ахынхаа болон өөрийнх нь зүүд бодит болоход итгэнэ. Ах нь зүүдээ зүгээр л нэг ер бусын зүйл хэмээн ёс зүйн үүднээс хүлээж авалгүй, харин ч зөн совингийн үүднээс тусгаж авсан учраас л дүү нь өөрийн өвөг дээдсийн амьдарч асан нутагт ирээд зогсож буйтай адилхан Сантьяго ч мөн дохио тэмдэг хэмээн өөртөө тусгаж авсан учраас эрдэнэсээ олж чаддаг.


ХАГАЦАЛААС НИМГЭН УЧРАЛ ҮГҮЙ




Цаашилбал эл түүврийн өөр нэг сонирхолтой өгүүллэг “Гүнз”-ийн тухай ярихгүй орхих аргагүй. Гол баатар нь хөгшин эрдэмтэн Гүнз юм. Энэ бол нийтийн тооллын өмнөх 551–479 оны хооронд амьдарсан их мэргэн Күнз мөнөөсөө мөн.


“Гүнз насан өндөр болсон хойноо өөрөөсөө гурав дахин залуу, гурав дахин царайлаг, мэдээж гурав дахин тэнэг эхнэр авч. Мэдээж гэсний учир бол ямар ч ухаалаг эм хүн тахианы хэрийн л уураг тархитай гэж үздэг Гүнзийн хувьд залуу эхнэр өөрөөс нь дор хаяж гурав дахин тэнэг л байсан байж таарна.” |“Гүнз” 99-р тал|


Тиймээ ямар нэг ухаантай хүний тухай энд өгүүлэх гэсэнгүй. Мэдээж өөрөөсөө гурав дахин тэнэг гэсний учир нь их мэргэн Гүнз мөн болохыг тодруулаад өгч байгаа юм. Ер нь уг түүврийн өгүүллэг дэх дүрүүд яг л Гүнз шиг сэтгэлтэй, эцсийн эцэст амьдралын утга учир, мөн чанарыг чинад таньсан хүмүүс. Тиймдээ “Дурлалгүй ертөнцийн блюз” романы “Нийслэлийн блюз” өгүүллэгийн залуу охины хөхний товч гэрэлтэн үзэгдэхэд бүр ч ихээр халууцах шиг болдог, зөрсөн хойно нь эргэж харчихаад өөрөөсөө ихээр ичдэг өвгөжөөр эрийн дүрээс тэс ондоо юм.


Гүнз эхнэрээ өөд болсны хойно гурван жил ёсыг даган гашуудаж, эцэст залуухан, гэрийн зарцаа гэргий болгож удам залгах хүү өлгийджээ. Харин залуу эхнэр нь үдэш болохоор сэхээвч рүү гүйнэ. Гүнз учраас л тэнд өөрөөс нь илүү залуухан, хүчирхэг хархүү хүлээж буйг мэддэг. Гэвч энэ тухай юу ч ярихгүй. Урьдын эхнэр нь нас барахдаа “…дараагийн эхнэрийг нь бэлдсэнээ нөхөртөө дуулгаад, “Энэ бүсгүй бидний хүүг төрүүлэх ёстой шүү!” гэж хатуу сануулж”. Тиймдээ ч Гүнз тэнгэрт буй эхнэртэй л юу юунаас илүү талархаж, түүнийг хайрласан хэвээр…


Дурсамж, зөн билиг амьдын сонгодог жишээ нь эл өгүүлэмж. Мөн “Өөрт нь хангалттай талархаагүйгээс л шөнө болмогц сэхээвчний сүүдэрт нуугдан буй тэр харанхуй бүдүүлэг амьтан руу гүйх болсон юм биш байгаа?” гэж залуу эхнэрээ өмөөрөнгүй бодно. Эхнэр нь тушаасан учраас, ганцхан тэр эмэгтэйг өөрийн эхнэр гэж ухамсарласан тул залуухан эхнэртэй болсон хэрэг.


Зохиолд өгүүлэгдэх энэ нарийн шугам Японы их зохиолч Ясүнари Кавабатагийн “Канар бялзуухай” (орч. Б.Баясгалан) өгүүллэгт буй. Зохиолын гол баатар, захидал бичигч залуугийн нууц амраг болох түүнд хос канар бялзуухай бэлэглэжээ. Тэднийг эхнэр нь арчилж асрах бөгөөд залуу шувуудаа харах бүрдээ нууц амрагтайгаа өнгөрүүлсэн дурсамжуудаар өөрийгөө тэтгэдэг байж. Гэтэл эхнэр нь мөнх бусыг үзүүлнэ. Ингээд захиандаа “Эхнэр маань энд байсан болохоор л энэ шувууд өдийг хүртэл амьдарч, таны тухай дурсамжуудаар намайг тэтгэж байсан юм шүү” хэмээдэг. Гүнз, захидал бичигч хоёр хоёулаа л өөрсдийн ухамсарлаж мөрдөх ёстой хэмжээ хязгаарыг чандлан баримтлагчид. Харин дурсамж нь тэдний хувьд бодит байдлаас илүү үнэнг хүүрнэж чаддаг, эцсийн мөчид хөөс шиг хагарчих хуурмаг зүйл юм гэдгийг хоёр өгүүллэг хоёулаа баталж байна.


Эцэст нь “Хатагтай, би энэ бялзуухайнуудыг чинь алаад эхнэрийнхээ шарилтай хамт оршуулчихвал та дургүйцэхгүй биз дээ?” гэж бодгалийн ухамсаргүйн үүднээс хандсан нь тодорхой. Бид хүн болж, ухаан орсон цагаасаа эхлээд энэ амьдрал дээр туулсан өөр өөрсдийн гэсэн зам, туршлага, дурсамжуудтай. Тэдний заримыг бид амархан эргүүлж санадаг ч, зарим нь мартагдсан байдаг. Энэ хоёрыг нийтэд нь “хувийн ухамсаргүй” гэж К.Г.Юнг нэрлэсэн билээ. Эхнэр нь үгүй болсон учир дахиад хатагтайг дурсан санах ямарч зүйл үгүй, бүхий л дурсамжууд, хувийн ухамсаргүйн үүднээс мартагдсан тул бялзуухайнуудыг хороох зөн мэдрэмж төрнө. Харин Гүнз “Тайвшрахад нь үүр цайж, дараа нь нар манджээ. Өдөржингөө Гүнз “Шүлэглэлт ном”-ыг энд тэндээс нь сөхөн уншсан бөгөөд нар шингэхтэй хамт түүний амь ч бөхлөө. Дараа нь бүрэнхий нөмөрч, чив чимээгүй суурингийн дээгүүр одод түгэв. Тэр л оддын зүг нисэн хөөрөх замдаа Гүнз сэхээвч рүү гүйн очих залуу эхнэрээ сүүлчийн удаа энхрийлэн харж, “Дулаан юм өмсөхгүй дээ!” хэмээн дуу алджээ.” |“Гүнз” 99-р тал|


Эцэстээ бүгд л нэгдмэл чанартай. Удам залгах хүүг нь төрүүлж өгсөн эмэгтэй Гүнзээс урваж өөр ирээдүйг бүтээхээр шинэ ертөнцөд хөл тавьж байгаа нь эр нөхрийн бие муудаж, оршихуй нь нуран унаж буйг анзаарсан, түүнд урьдаас төрсөн зөн билиг. Тиймдээ ч Гүнз эцсийн мөчид эхнэр лүүгээ явж буй ариун замын өмнө эргэж харахдаа эхнэрээсээ илүү залуу бүсгүйг “Дулаан юм өмсөхгүй дээ!” гэж түүнд талархаж буй нь дурсамж хоорондын цаг хугацааны эсрэгцэл, зохиолд хэзээ ч дурсагдахгүй, харанхуй саравчинд суух залуу эр, Гүнз хоёрын дүр хоорондох ялгамжаар утга агуулга нь ийнхүү тодорчээ.


Учрал бид бүхэнд ирдэг бас буцдаг. Буруу хүнтэй учрах, дурсамжаа үхэхийг хүлээх нь ерөөсөө амьдралыг үнэ цэнэгүйдүүлэх зүйл. Хагацалаас нимгэн учрал гэж үгүй.


“Дурлалгүй ертөнцийн блюз”-тай харьцуулбал илүү чамбайрсан, намрын жимс шиг боловсорч гүйцсэн өгүүллэгүүдээс түүвэр бүтжээ гэх бодол эрхгүй төрнө. Энд ярилгүй орхисон “Солгой гарын ноктюрн”, “Хөлөг онгоцны яндан”, “Амтат жимсний үнэр” өгүүллэгүүд ч зохиосон бус зохиогдчихсон мэт санагдана.


ТӨГСГӨЛИЙН ОРОНД


“-Тэгээд?
-Тэгээд л тэр. Мөнөөх залуу сая далавчаа дэлгээд нисчихлээ” |“Дурлал зохион бүтээгч” 5-р тал|


Тэр залуу шиг нисч чадвал танд бичихээс өөр сонголт байхгүй байж болно. Харин Г.Аюурзана зохиолчийн хувьд анх уулзахад хэлсэн шудрага зэмлэл, дулаан магтаал, намуухан яриа, энгүүн сайхан дүр төрх нь хэвээрээ л байвал уншигчид түүнийг уншихыг болиулж юу хүчрэх билээ.

 

Холбоотой мэдээ