Орхон аймгийн Онцгой комисс “Эрдэмтэн, судлаачдын баг”-тай хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-28 16:25:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Зам тээврийн хөгжлийн дэд сайд, УОК-ын Шуурхай бүлгийн ахлагч Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан “Зөвлөх баг” Орхон аймагт энэ сарын 19-нөөс хойш ажиллаж байна. Тус баг аймгийн Онцгой комиссын дэргэд “Эрдэмтэн, судлаачдын баг”-ыг ажиллуулж цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

“Эрдэмтэн, судлаачдын баг” Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, мэдээллийн баазад үндэслэн цаашид авах арга хэмжээний зөвлөмж гаргажээ. Зөвлөмжийн зорилго нь цар тахлын эрсдэлийг бууруулах, иргэдийн нийгмийн асуудлыг эдийн засгийн хохирол багатайгаар шийдвэрлэх, урт хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чиглэжээ. Иймд юуны өмнө цар тахлын бага, дунд, өндөр эрсдэлтэй үеийг тооцож түүнд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлж, үүнийгээ боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ зэрэг бүх салбартай уялдуулах хэрэгтэй гэв.

Тухайлбал, өндөр эрсдэлтэй үед нийт тээврийн хэрэгслийн 20-оос ихгүй хувийг дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах, байгууллага бүр COVID STOP” ажилтанг томилж зохицуулалт хийх, нэг үйлчлүүлэгчид 4м.кв талбай ноогдохоор тооцож үйлчилгээгээ явуулах зэргийг зөвлөмжид тусгасан байна. Цаашид  “Ковид-19” цар тахлын үед Орхон аймагт 2021 онд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, мэдээллийн технологийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх /Smart stop- Ухаалаг хөл хорио/, мэдрэг чанар өндөр оношилгоо, сэлбэг хэрэгсэл, урвалж бодисыг  нэмэгдүүлэх, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн, хэрэгслийг орон нутагтаа үйлдвэрлэх зэрэг санал гаргажээ.

                       

                                    Цар тахал биднээс шинэ технологи, шинэ менежмент шаардаж байна


УОК-ын Шуурхай бүлгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ:  “Орхон аймагт Монгол Улсын стратегийн ач холбогдолтой аж үйлдвэр байна, хүн амын нягтаршил их байна. Иймд цар тахал биднээс цаашид ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭ МЕНЕЖМЕНТ, ШИНЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ-ыг шаардаж байна. Бид халдвартай хүмүүсээ тусгаарлалаа, эрсдэлтэй хүмүүсээ түргэвчилсэн оношлуураар оношиллоо. Тэгвэл халдваргүй байгаа хүмүүсээ цаашид хэрхэн хамгаалах вэ гэдэг нь дараагийн асуудал болж байна. Иймд хамгаалалтын системээ хэрхэн бүрдүүлэх, салбар хоорондын уялдааг яаж хангах вэ, хүн, хүч, санхүүгийн нөөцөө хэрхэн үр дүнтэй ашиглаж тооцох вэ гэдгийг энэ цар тахал шаардаж байна. Тиймээс “Эрдэмтэн, судлаачдын баг”-тай хамтран ажиллалаа. Эрсдэлийг бууруулахын тулд технологийн дэвшлийг ашиглах ёстой гэсэн зөвлөмжийг аймгийн Онцгой комисст өглөө.

                

                             Энэ цар тахлыг бид бэрхшээл бус түр зуурын сорилт хэмээн харж байна


Аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал: “Өдөр тутмын амьдралын хэв маяг, нөхцөл байдлыг энэ цар тахал  өөр, өөр болгож байна. Тийм ч учраас бид “Эрдэмтэн, судлаачдын баг”-тай хамтран ажиллаж аймгийнхаа онцлогт тулгуурлаж нийгэмд учирч болох эрсдэл, түүнээс хамгаалах төлөвлөгөөг боловсруулан ажиллах шаардлага тулгарч байгаа. Үүнийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн хянлтын систем, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХЭРХЭН НЭВТРҮҮЛЭХ вэ зэргийг бид ярилцлаа.  Энэ цар тахлыг бид бэрхшээл бус түр зуурын сорилт хэмээн харж түүнийг даван туулах талаар арга аргачлалаа зөв шийдвэрлэх менежментийг боловсруулахаар эрдэмтдийн багаа ажиллууллаа”.


 

 

 

 

 

Холбоотой мэдээ