Монгол Улс Хүн амын тооллогын олон улсын хурлыг зохион байгуулна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-12-01 09:46:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Америк, Ази, Номхон далайн улс орнуудын Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг энэ сарын 2-4-нд цахимаар зохион байгуулах гэж байна. 

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2018-2020 оны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 

Улмаар Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Монгол Улс зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээгээд байгаа юм. Уг хурлыг Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон БНСУ-ын Статистикийн газартай хамтран зохион байгуулах аж.

Хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Хүн амын тооллогын хурал”-ыг 1.5-2 жил тутамд гишүүн орнуудыг оролцуулан зохион байгуулдаг юм. Манай улсын ҮСХ нь Хүн ам тооллогын 20, 26 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай. Түүнчлэн тус Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчөөр 2 удаа, 2018-2020 оны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.


Холбоотой мэдээ