Интерактив хичээлийн “Цахим аялал” бэлэн болжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-12-01 16:37:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контентын эхний 26 хичээл бэлэн болжээ.

 

Интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийх боломжтой.

 

Интерактив хичээл бүрт мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийн оролцоо, санал сэтгэгдлийг шингээснээс гадна ур чадвартай зураач, дизайнер, хөгжүүлэгчдийн ур ухаанаар бүтсэн, үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, онцлогийг нь харгалзан бүтээсэн жишиг контент юм. Энэ нь хүүхэд багачуудын хувьд цахим орчноор дамжуулж, өнгө будаг хосолсон хөдөлгөөнт зураглал, сонирхолтой дүрийн хамтаар мэдлэг боловсрол, танин мэдэхүйн олон шинэ зүйлийг сурах “Цахим аялал” юм.

 

Интерактив цахим контент нь олон хүний дэмжлэг, оролцоотой бүтэж байгаа бөгөөд Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт /БМДИ/ нь нэгж контент, жишиг хичээлийн агуулга, зорилго, зорилт, бататгах асуултууд, үнэлгээний хэсгийг боловсруулах зэргээр сургалтын агуулга талаасаа арга зүйн мэдээллээр хангаж байна.

 

БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК-ийн уран бүтээлчид Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотой хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн сонирхолтой, интерактив хэлбэрт буулган цахим контентуудыг бэлтгэж байгаа аж.


Холбоотой мэдээ