Ирэх онд 100 ламын агуйг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-12-03 15:11:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь 100 ламын агуйг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборыг 2021 онд  байгуулахаар зураг төсөл боловсруулжээ.


Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тусгасан.

Энэ хүрээнд 2021-2024 онд Увс, Хяргас, Хар-Ус, Улаагчны хар нуур, Тэрхийн цагаан нуур, Хүйсийн найман нуур, Алтай таван богд, Бурхан халдун хайрхан, Горхи-Тэрэлж, Богдхан уул, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна.

Тодруулбал, нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж, автомашины болон дугуй зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, үзвэр үйлчилгээний цогцолбор бүхий отоглох хоноглох цэгүүд, мэдээллийн төв зэрэг цогц бүтээн байгуулалт бий болох юм.

Уг  ажлыг төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсөл сонгон шалгаруулах зарчмаар хийж хэрэгжүүлэх аж.



Холбоотой мэдээ