Тээврийн сайд нарын “Тээвэр ба Ковид-19” уулзалтад оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын тээврийн форумын Сайд нарын цахим уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй төлөөлөгчид анх удаа оролцов.
“Тээвэр ба Ковид-19” сэдвийн дор болсон уулзалтад ОУТФ-ын гишүүн орнуудын сайд, дэд сайд, төрийн
нарийн бичгийн дарга нар оролцож, цар тахлын үед хамгийн их хүндрэл бэрхшээл
туулж буй тээврийн салбар, түүний дотор агаарын тээврийн тулгамдсан асуудал,
даван туулах боломж, төрөөс дэмжих, зохицуулах талаар туршлагаа хуваалцан, санал бодлоо солилцов.
Мөн цар тахлын хүндрэлийг даван туулахын сацуу ирээдүйд тулгарч болох ийм сорилтыг тээврийн салбар хэрхэн сөрж давах дархлаа тогтооход анхаарлаа хандууллаа.
Сайд Л.Халтар энэ үеэр Монгол Улс ОУТФ-ын шинэ гишүүн ч байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлж, Монгол Улс цар тахлын нөхцөлд тээврийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулахад хэрэгжүүлж буй ажил, төлөвлөгөөгөө танилцуулав.
Түүнчлэн ирэх онд
болох хуваарьт үйл ажиллагаа болон
2021 оны 5 дугаар сард ХБНГУ-д болох Чуулган болон Сайд нарын уулзалтыг яаж зохион байгуулах талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөжээ.
Олон улсын тээврийн форум нь дүрмийн дагуу ХБНГУ-ын Лайпциг
хотноо өнгөрсөн 5 дугаар сард
зохион байгуулахаар төлөвлөсөн Чуулган болон Тээврийн сайд нарын уулзалт
тодорхойгүй хугацаагаар хойшлоод байв.
Дэлхий дахинд бүх төрлийн тээврийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлдог Олон улсын тээврийн форумыг 2006 онд анх зохион байгуулсан бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын дэргэдэх байгууллага юм.