Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс давтан шинжилгээ авч эхэллээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-12-14 10:32:12

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-ний өдрөөс хойш Улаанбаатар хот болон халдвар бүртгэгдсэн аймгуудаас ирсэн, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс давтан шинжилгээг өнөө өглөөнөөс авч эхэллээ.

Гэрийн тусгаарлалтын 14 дэх хоног дээрээ шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтын дэглэм дуусгавар болно гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Тиймээс халдвар бүртгэгдсэн газруудаас ирсэн, одоо гэрийн тусгаарлалтад байгаа иргэд өнөөдрөөс эхлэн 14 дэх хоног дээрээ 10.00-18.00 цагийн хооронд аймгийн Биеийн тамир спортын газарт очиж шинжилгээнд хамрагдах юм.

12-р сарын 1-13-ны хооронд халдвар бүртгэгдсэн газруудаас нийт 4639 иргэн Дорнод аймагт ирээд байна.  12-р сарын 1-ний өдөр Дорнод аймагт ирсэн нийт 250 иргэн бүртгэлтэй байгаагийн 100 орчим нь хөдөлгөөнт хүн ам буюу хүнс, шатахуун, өвс тэжээл тээвэрлэж ирсэн жолооч нар аж. Гэртээ тусгаарлагдаад өнөөдөр 14 дэх хоног нь гүйцэж байгаа 157 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, шаардлагатай тохиолдолд баталгаажуулах шинжилгээ хийнэ гэв.  

Холбоотой мэдээ