Хэрлэн сум малын тоо толгойн татвараас 100 орчим сая төгрөг төвлөрүүлнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-12-14 18:14:47

Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очир: "Малын тоо толгойн татвараас 100 орчим сая төгрөг олохоор төлөвлөж байна" гэв. 

Малын тоо толгойн албан татварын хуулийг УИХ баталснаар ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор сумын ИТХ-аас малын тоо толгойн татварын хэмжээг тогтоох бөгөөд Хэрлэн сумын ИТХ-аар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Дорнод аймаг 2.6 сая толгой малтай. Харин Хэрлэн суманд 548 малчин өрх, 409 мал бүхий өрхийн 176 мянган толгой мал бий. Ажлын хэсгээс малын тоо толгойн татварын хэмжээг тогтоохдоо адуунд 1800 төгрөг, үхэрт 1000 төгрөг, ямаанд 800 төгрөг, хонинд 300 төгрөгийн албан татвар ногдуулахаар санал боловсруулсныг ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэн баталсан байна. Харин Дорнод аймаг тэмээний тоо толгойг өсгөх бодлого барьж байгаа учраас тэмээнд албан татвар ногдуулахгүй аж.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой буюу 200 хүртэлх толгой малтай өрхийг малын тоо толгойн албан татвараас чөлөөлөхөөр болсон байна. Хэрлэн суманд 200 хүртэлх толгой малтай 617 өрхийн 43209 толгой мал чөлөөлөгдөнө. 

Холбоотой мэдээ