Цианид натрийн уусмал алдсан шалтгааныг тодруулах мэргэжлийн баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-16 21:41:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Баян-Айраг эксплорэйшн" ХХК-ийн баяжуулах үйлдвэрт цианид натрийн уусмал хөрсөнд нэвчсэн асуудлыг газар дээр нь очиж шалгах, шалтгаан нөхцөлийг тогтоож, хүн ам, мал, амьтан, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Завхан аймагт ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

-Шуурхай бүлэг уурхай дээр очиж, эрсдэлийг бууруулан, шаардлагатай арга хэмжээ авч, шуурхай удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах юм. Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг 12 сарын 16, 17-ний өдрүүдэд Баян-айраг эксплорэйшн ХХК-д хяналт шалгалт хийнэ. Шуурхай бүлгийн ажлын багийн ахлагчаар Мэргэжлийн хяналтын ерөнхий  газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, гишүүдээр БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Батжаргал, Мэргэжлийн хяналтын ерөнхий  газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын химийн мэргэжилтэн, ахмад Д.Төмөрчөдөр, Мэргэжлийн хяналтын ерөнхий  газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Нямжав нар ажиллаж байна.

Ажлын баг Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй "Баян-Айраг эксплорэйшн" ХХК-ийн баяжуулах үйлдвэрт гарсан ослын шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэмжээг тогтоож, цаашид авах арга хэмжээг тодорхойлж ажиллах юм.

Хяналт шалгалт, авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор Улсын онцгой комисст танилцуулахаар төлөвлөжээ. Энэхүү Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн аймгаас тавьсан хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн Завхан аймагт ажиллаж байна” гэв.

Холбоотой мэдээ