Уул уурхайн бус экспорт, ЖДҮ-ийг дэмжиж 250 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-18 15:53:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр ирэх оны I улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр гаргалаа.

Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хурлаа хийж, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзэж мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалахаар мөн шийдвэрлэв. 

Жилийн инфляц энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна. Төрийн зохицуулалттай зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурсны зэрэгцээ эрэлт сул байгаагаас шалтгаалан ирэх саруудад инфляц нам түвшинд хадгалагдаж,  дунд хугацааны зорилтын түвшинд байхаар байна. "COVID-19" вирусний дотоод тархалт нь эдийн засгийн сэргэлтийг удаашрууллаа. Ирэх онд эдийн засаг идэвхжиж, хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна.

"COVID-19"-ийн цар тахлын нөлөөгөөр гадаад эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас сайжрах төлөв улс орон бүрийн хувьд харилцан адилгүйгээр үргэлжилж  байна. Вирусний эсрэг вакцинуудын туршилт эхнээсээ амжилттай дуусч эхэлсэн нь зах зээлд эерэг дохиог өгч байна.

Төв банк "COVID-19"-ийн цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээ, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь:

  • дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, 
  • банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна гэжээ. 

Холбоотой мэдээ