Уурын зуухыг буулган биеийн тамирын талбай байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-02 10:15:44

Ховд аймгийн төвд хуучнаар “Захиргааны уурын зуух” гэж нэрлэгддэг байсан уурын зуухыг буулган биеийн тамирын талбай болголоо.

Тус уурын зуух ойр орчмынхоо Кино театр, Хүүхдийн байгууллага, зарим сургууль цэцэрлэгийг халаадаг байсан юм.

60 гаруй жилийн өмнө баригдсан энэ уурын зуух тодорхой үүргээ гүйцэтгэж ирсэн. Харин өнөө цагийн хот төлөвлөлт, бүтээн байгуулалтаа дагаад зориулалтыг нь өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Тэгээд ч орчиндоо маш их хөө тортог хаяж, агаар бохирдуулдаг тус зуухыг буулгаж, хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх биеийн тамирын талбай болгож тохижууллаа.

Ийм талбай байгуулах санаачилгыг Ховд аймгийн Прогресс сургуулийн багш ажилчид гаргаж, гаргасан шийдвэрээ  аймгийн удирдлагуудад танилцуулсан байна. Ийн тэдний гаргасан санаачилга ажил хэрэг болж, Гадаад хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Прогресс сургуулийн багш, хүүхдүүд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн өмнө цоо шинэ спортын талбайтай боллоо.

Прогресс сургуулийн захирал С.Отгонтуяа “Сургуулийн хажууд уурын зуухтай байх үед анги танхимын цонхоор  утаа тортог орж ирж, тоос шороо маш их дардаг, багш нарын хурлаар хамгийн их яригддаг сэдэв байсан. Манай сургуулийн багш нарын санаачлагыг дэмжиж, дэргэдээ сурагчдын чөлөөт цагт зориулсан биеийн спортын талбайтай болсондоо бид ажиллах урам зориг эрч хүч авч байна. Хүүхдийн төлөө шинэ ажлыг санаачилж дэмжсэн аймгийн удирдлагуудад баярлалаа “гэв.

Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1,7 дугаар сургууль ийм талбайтай болсон байсан бол Прогресс сургууль нэмэгдэж, нийт гурав боллоо.

А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ