Иран улсцөмийн аж үйлдвэрийн салбараа хэзээ ч зогсоохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-06-02 11:24:31

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны цөмийн аж үйлдвэрийн салбараа хэзээ ч хаахгүй, үйл ажиллагааг нь хязгаарлахгүй бөгөөд цаашид хөгжүүлэх болно гэж тус улсын Гадаад хэргийн яамны томоохон албан тушаалтан мэдэгдэв.

Ираны Гадаад хэргийн яамны Улс төр, олон улсын асуудал хариуцсан газрын удирдах захирал Хамид Баединежад мэдэгдэхдээ "АНУ тэргүүтэй “5+1” бүлэг манай цөмийн хөтөлбөрийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа хэдий ч бид цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлсээр байх болно" гэжээ.

Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнд эдийн засгийн гэрээ багтаагүй бөгөөд Ираны төлөөлөгчид цөмийн гэрээ байгуулах хэлэлцээний үеэр худалдааны талаар дурдаагүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө нь Ираны хөгжилд саад болж байгаа хориг арга хэмжээ, саад тотгоруудыг арилгахад чиглэсэн бөгөөд хориг арга хэмжээг цуцалсны үр дүн харагдаж байна. Барууныхан Арак дахь хүнд усны үйлдвэрийг хаахыг хүсч байгаа боловч энэ үйлдвэрийн гол хэрэглэгчид нь АНУ, ОХУ юм гэдгийг Х.Баединежад санууллаа.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсны дараа тус улс нефтийн борлуулалтаа нэмэгдүүлэхэд цаг хугацаа их шаардагдана гэж АНУ-ын Засгийн газар үзэж байсан боловч гуравхан сарын дотор Ираны нефтийн экспорт огцом өссөн нь америкчуудыг гайхшрахад хүргэсэн” гэдгийг дурджээ. Үүний сацууу тэрбээр "Иран улс нефтийн үнэ ханшнаас үл хамаарах эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг" тэмдэглэн хэллээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ