"Дэлхий дээрх Марс" олон улсын хурал цахимаар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-25 10:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхий дээрх Марс" олон улсын цахим хурлыг шинэ оны эхний өдөр МҮОНТ-ийн MNB сувгаар нэвтрүүлнэ. "Mars on Earth" буюу "Дэлхий дээрх Марс" олон улсын хурлыг өнгөрсөн 11 дүгээр сард Төрийн ордонд зохион байгуулах байсан ч гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын ХЭГ хамтран зохион байгуулах уг хурлыг ийнхүү 2021 оны нэгдүгээр сарын 1-нд хийхээр болсон талаар зохион байгуулагч Монголын Сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв (МАРСА)-өөс мэдээллээ. 

Уг хурал нь сансрын судалгаа, тэр дундаа ангараг гарагийн судалгааны чиглэлээр дэлхий дахинд хандаж буй Монгол Улсын томоохон санаачилга гэдгээрээ онцлог болох аж. Хуралд сансар, Ангараг гарагийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон дэлхийгээс Ангараг гараг дээр хөл тавихаар сонгосон анхны сансрын нисэгчид оролцож цахимаар илтгэл тавих юм. 


Ангараг гараг нь шинжлэх ухааны аргаар дэлхийн хүмүүсийг шилжүүлэн суурьшуулах боломжтой хамгийн ойрхон хөрст гараг хэмээн тооцогддог. Тус гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд "Mars on Earth" хурлын гол зорилго оршино гэж зохион байгуулагчид онцолж байна.


"Mars on Earth" олон улсын цахим хурал нь үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гарагийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй "Марс нийгэмлэг"-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв болон Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Япон болон Арабын Нэгдсэн Эмират улсын "Марс" хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, Монгол Улсаас МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож "Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа" сэдвээр ярилцана.


Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож "Марсын үеийнхэн" сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлнэ. Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн Худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Монгол Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс "Сансрын технологи ба цахим шилжилт" сэдвийн хүрээнд ярилцана.  

Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв МАРСА-аас Монголын говьд сансрын тусгай аялал жуулчлалын төв, сансар судлалын чөлөөт бүс байгуулахаар зорьж MARS-v төслийг хэрэгжүүлж байгаа талаар танилцуулах аж. "Монголчууд бидэнд байгаа боломжийг олон улсын Марсын судалгааны салбарын эрдэмтэд хэрхэн дүгнэх бол?" Энэхүү асуултын хариултыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулах цахим хурлаас авах боломжтой болж байна.


Холбоотой мэдээ