СЗХ 596 иргэн, хуулийн этгээдийг бүртгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо энэ оны гуравдугаар сараас нийт 596 иргэн, хуулийн этгээдийг бүртгээд байна.
Тухайлбал, 167 аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, 30 хуулийн этгээд, 399 иргэнд үнэт металл, үнэт чулууны болон түүгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож бүртгэв.
Бүртгэлд хамрагдаж, тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ СЗХ болон мэдээлэлд оруулсан өөрчлөлтөө харьяалах улсын бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй 6,958 хуулийн этгээдэд улсын байцаагчийн дүгнэлтээр үнэт металл, үнэт чулууны худалдаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээсийн үйл ажиллагааг нь хүчингүй болгож, үйл ажиллагааны чиглэлээс хасууллаа.
Цаашид ч бүртгэлд хамрагдаагүй үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах юм. Түүнчлэн, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлээр худалдаа арилжаа явуулж буй томоохон дэлгүүр, зах худалдааны төвүүдэд QR кодыг байршуулж эхэлжээ.
Ийнхүү санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч буюу үнэт металл, үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлж, хяналт зохицуулалттай болгосон нь манай улс ФАТФ-аас өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг богино хугацаанд биелүүлж, “Саарал жагсаалт”-аас гарахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг байв.