“Идэвхэжсэн 2030: Монгол энтерпрайзинг эрэл” онлайн чуулган боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-28 10:54:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Залуучуудын Youth: CO Lab төсөл, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхэжсэн 2030: Монгол Энтерпрайзинг эрэл” онлайн чуулгыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.


Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Нашида Саттар уулзалтыг нээж үг хэлэхдээ, “Хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан эзэлдэг Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хурдасгах, хөгжлийн сорилтуудыг даван туулахад залуусын энтерпрайзинг ур чадварыг дэмжих нь нэн чухал”-ыг  онцолсон.


Энтерпрайзинг гэдэг нь зөвхөн бизнесийн бус өөрт төрсөн бүхий л санааг бодитоор хэрэгжүүлэх чадварыг хэлдэг. Санаагаа төсөл болгон эхлүүлэх, төгсгөх дадалтай манлайлагч залуусыг бэлтгэх ойлголт юм


Энэ удаагийн онлайн уулзалтаар дотоод, гадаадын старт-ап компаниуд илтгэгчээр оролцож ирээдүйн бизнесийн чиг хандлага, энтрепренер хүний хөгжүүлэх ур чадвар, боломжийг олж харж бизнес болгон хэрэгжүүлэх, Ковид-19-ийн өмнө ба дараах бизнесийн боломж зэрэг сэдвээр хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүллээ. 


“Идэвхэжсэн 2030” төслийн зөвлөх Т.Пүрэвхатан “Цар тахлын дараа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, дасан зохицох чадвартай нийгмийн энтерпрайзинг бизнес цэцэглэнэ” гэж илтгэлдээ онцолсон. Шинэ гарааны бизнесийн санаачилгыг дэмжих, нийслэл, орон нутгийн инновацын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь төслийн хүрээнд хэрэгжих гол ажил юм.


Ирээдүйн бизнесийн чиг хандлага, бизнес эрхлэх энтерпрайзинг сэтгэлгээг тэлэх, ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх боломжийг бодит болгох гэсэн 21 аймгаас оролцогчид хөтөлбөрт хамрагдан, ирээдүйг хамтдаа бүтээх уриатайгаар уулзалтаа дуусгасныг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ