Монгол хэл, бичгийн эрдэмтэд “1000 багшийн цахим сургалт”-д оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-01-05 12:20:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюун билгийн соёрхол” монгол хэл, бичгийн багш нарт зориулсан цахим лекц семинарын хоёр дахь өдрийн сургалт боллоо.

 

Сургалт нь монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн сургалтын хөтөлбөр, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэхэд багш нарт онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цахим сургалтын арга, туршлагаас солилцох, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

 

Сургалтад нийт 1000 орчим багш оролцож байгаа юм. Хоёр дахь өдрийн сургалтад МУИС-ийн профессор Н.Нансалмаа “Хэлд орох, хэл эзэмших үйл”, СУИС-ийн профессор Ж.Баянсан “Хэлний соёл, үндэсний сэтгэлгээ”, Монгол Улсын Ардын багш Ш.Чоймаа “Үндэсний бичгийн заах аргын уламжлал, шинэчлэл”, МУИС-ийн багш, доктор В.Дашдаваа “Хэл сургахуй ба орчин цагийн хэл шинжлэл”, ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, доктор Э.Пүрэвжав “Монголын нууц товчоо, түүнийг заах сургах арга зүй” зэрэг сэдвээр тус тус хичээл орлоо.

 

Лекц бүрийн дараа оролцогч багш нар асуулт асууж, харилцан ярилцаж байгаа юм. Сургалтын явцад багш нар хэд хэдэн даалгавар гүйцэтгэх бөгөөд эхний удаад 2020 оны 12 дугаар сарын 28-нд болсон “Монгол хэл бичгийн цахим хичээл боловсруулах ур чадвар” ерөнхий сэдвээр болсон сургалтын дараа багш нарыг POWTOON программ ашиглан Үндэсний бичгийн хичээлээр 3 хүртэл минутын хичээлийг багаар бэлдэх даалгавар өгсөн байлаа.

 

Цахим сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар, Монгол хэл бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо хамтран зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид ажиллаж буй монгол хэл бичиг, уран зохиолын багш нар хамрагдаж байна.

Холбоотой мэдээ