Нярайн эндэгдлийн тохиолдол 8 аймагт өндөр байгааг онцлов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-03 13:10:44

“Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах  арга зам” зөвөлөлдөх уулзалтыг ЭМСЯ-наас өнөөдөр зохион байгуулж, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, эх, хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулах, эндэгдлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцэж байна.

Уулзалтыг нээж ЭМС-ын сайд С.Ламбаа хэлэхдээ, “Бид хүрсэн амжилтаа бататгаж, цаашилбал бууруулах зорилготой ажиллах ёстой. Энэ бол  эрүүл мэндийн салбарынхны нэр хүндийн асуудал. Тогтвортой хөгжлийн зорилтын эхний жилийн 4 сарын байдлаар эхийн эндэгдэл 100.000 амьд төрөлтөд 66.9 буюу өмнөх оны мөн үеийн түвшнээс 3.5 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 26.2 болж нялхсын эндэгдэл 22.7, нярайн эндэгдэл 10.8 болж өссөн буюу эхийн эндэгдэл 2015 онд бүтэн жилдээ бодит тоогоор 21  болсон. Яам удирдлагын зөвлөлийн хурлаараа “Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, “Хүүхдийн  эндэгдлийн” асуудлыг хэлэлцэж, аймгийн Засаг дарга нарт эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах 14 хоногийн эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулах тухай албан бичгийг хүргүүлснээс гадна эх, хүүхдийн эндэгдлийн цаг үеийн асуудлаар болон томуу томуу төст өвчин, улаанбурханы оношилгоо эмчилгээний талаар цахим хурал, сургалтыг  шат дараатай зохион байгууллаа.   Өнгөрсөн хугацаанд бүх аймгуудад мониторинг хийсэн, одоо ажлаа эрчимжүүлэх, хариуцлагаа сайжруулах зайлшгүй шаардлага урган гарч байна. Орон нутагтаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар уулзалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан идэвхи санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна. Бид санаачилгатай сайн ажиллаж байгаа удирдлага, байгууллагыг дэмжин ажиллана” гэлээ.

Эхийн эндэгдлийн тохиолдол Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Ховд, Өмнөговь зэрэг аймагт тус бүр 2, Баянхонгор, Дархан-Уул аймагт тус бүр 1, хүүхдийн эндэгдлийн тохиолдол Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аж.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалтад ЭМСЯ-ны удирдлагууд, эх, хүүхдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ