Халдвар авсан хүмүүс эдгэрч төмөр замын үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-10 10:48:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт үүссэн коронавируст халдварыг таслан зогсоож, Монгол Улсын төмөр замын тээвэр тасралтгүй хэвийн ажиллаж байгааг өчигдөр ЗТХЯ-нд цахимаар болсон УОК-ын шуурхай хуралдааны үеэр мэдээлэв.


УБТЗ-ын хэмжээнд түргэн оношлуураар 98 хүн эерэг гарснаас PCR-ийн шинжилгээгээр 77 нь батлагдаж, 12 дугаар сарын 16-наас хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй, одоогоор нэг хүнээс бусад нь эдгэрчээ.


Иймд Улаанбаатар төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжиж, төмөр замын салбарын ажиллагсад үүргээ бүрэн биелүүлэх боломжтой боллоо.


Төмөр замд тархсан коронавируст халдварыг таслан зогсооход зөвхөн “УБТЗ” ХНН  19.3 тэрбум төгрөг зарцуулжээ. 


Тухайн үед Сэлэнгэ аймагт цар тахлын шинэ голомт тогтоогдож, Сүхбаатар зангилааны төмөр замчдад халдвар тархаж эхэлснээр Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Чойр, Айраг, Сайншанд, Замын-Үүд өртөөдөд халдвар богино хугацаанд дамжин,  Монгол Улсын өмнөд, хойд хилийн өртөө, завсар, дундын өртөөний төмөр замын 2225 ажилтан тусгаарлагдан, хөл хоригдсоноор ажиллах хүчний дутагдалд орж, төмөр замын тээвэрлэлтийн хэвийн ажиллагаа тасалдах хэмжээнд хүрсэн юм.


Ялангуяа, хилийн Замын-Үүд өртөөний  ажилчдаас 14 хүний шинжилгээний хариу эерэг гарч 1398 тусгаарлагдсан, мөн Сүхбаатар өртөөний ажилчдаас 28 хүний шинжилгээний хариу эерэг гарч, 414 хүнийг тусгаарласнаар дээрх өртөөдийн үйл ажиллагаа зогсож, галт тэрэг, вагон, чингэлгийн бөөгнөрөл үүссэн байв.


Ийм үед ЗТХЯ, ГЕГ, МХЕГ, УБТЗ-ын төлөөлөл бүхий Шуурхай бүлэг яаралтай арга хэмжээ авч, УБТЗ” ХНН-ийн 15956 ажилтанг түргэвчилсэн оношлуураар, 12680 ажилтанг PCR шинжилгээнд хамруулж, гэр бүлийг нь давтан PCR оношлуураар шинжилгээнд хамрууллаа.


УБТЗ-ын хэмжээнд 117 880 ажлын байр, 5,240,543 м2 талбайд, 567 галт тэрэг, 27,990 вагон, чингэлгийг ариутган халдваргүйжүүлэв.


Хүний нөөцийн дутагдалтай газруудад тэтгэврийн 26 ахмадыг дайчлан ажиллуулсан бөгөөд УОК-ын зөвшөөрлийг үндэслэн томилолтоор ажиллаж байсан 229 ажилчин, ахмад настанг гэрт нь буцаажээ. 

Холбоотой мэдээ