Индонезид Ерөнхийлөгч нь хамгийн түрүүнд коронавирусний вакцин хийлгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-13 13:33:17

СИНГАПУР. /TASS/. Индонезид тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо хамгийн түрүүнд коронавирусний вакцин хийлгэж, олон нийтийг вакцинжуулах ажлыг эхлүүлжээ.


Индонезийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Херу Буди Хартоногийн мэдээлснээр, "өнөөдөр зөвхөн тус улсын төрийн тэргүүн вакцин хийлгэсэн байна. Бусад өдрүүдэд тус улсын сайд нар вакцинд хамрагдах бөгөөд тэдэнд зориулж тусгай хуваарь гаргахаар болжээ.


Индонезийн Хүнс, эмийн чанарын хяналтын үндэсний агентлагаас хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний анхны вакцин бол Хятадын “Sinovac” компанийн бүтээсэн вакцин юм. Тус байгууллагын мэдээлснээр, уг вакцин 65.3 хувийн үр дүнтэй байгааг завсрын туршилтын дүн харуулжээ. БНХАУ-ын дараа энэхүү вакциныг бүртгэсэн анхны улс нь Индонез юм.  


Ойрын хоёр сарын хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудын 1.5 сая орчим ажилтныг вакцинжуулахаар төлөвлөж байгаагаа Индонезийн Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин мягмар гарагт парламентдаа мэдээлжээ. Индонезийн Засгийн газар нийтдээ 181 сая хүн вакцин хийхээр тооцоолсон байна.


Тус улс өнгөрсөн оны сүүлчээр “Sinovac” компаниас 3 сая орчим тун вакцин хүлээж авсан бол энэ оны нэгдүгээр улиралд дахин 30 сая тун, нийтдээ 125 сая тун вакцин авахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ “Pfizer”, “Novavax”, “AstraZeneca” компаниудтай тус бүр 100 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж. 


 


Холбоотой мэдээ