Чулуун болон хүрэл зэвсгийн үеийн эдлэл хэрэглэл олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-14 11:48:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутгаас чулуун болон хүрэл зэвсгийн үеийн эдлэл хэрэглэл олдлоо. Өнгөрсөн хавар тус сумын иргэдээс соёлын үнэт өв байж болох олдворууд олсон тухай мэдээллийг аймгийн ЗДТГ-т ирүүлж байсан юм. Энэ мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн судалгааны баг Цагаан-Овоо сумын нутагт гурван удаа ажиллаж, Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд түүх, соёлын өндөр ач холбогдолтой томоохон дурсгал, өв олсон талаараа энэ сарын 13-нд танилцууллаа. Тодруулбал, газрын хөрсөн дээрээс нэг дор чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн шинэ чулуун зэвсэг, төмрийн түрүү үе, хүрэл, хүннү, дундад зууны үед хамраарах ясан сувс, хүрэл хутга, хүрэл зоос, шавар хээтэй, хээгүй ваарны савны хагархай, хүрэл товруу, хүрэл зэв, төмөр хутга, зэв, хадаас, төмөр савны үлдэгдэл, төмрийн шаар зэрэг 700 гаруй олдворыг олж илрүүлсэн байна. Энэ нь тухайн нутагт дэвсгэрт хүмүүс амьдарч, аж ахуй эрхлэн, хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмэнтэй өргөн харилцаатай байсныг нотлон харуулж байна гэж судалгааны багийнхан дүгнэв. Одоогоор дээрх олдворуудыг аймгийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэж, Музейн сан хөмрөгт хадгалалтад авчээ. Судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд он тооллыг нарийн тогтоохын тулд дээжийг Япон улс руу явуулахаар төлөвлөж байгаа гэж мэдээлэв.

Түүнчлэн цаашид олдвор олдсон газрыг хамгаалалтад авах, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран дурсгалт газрыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, малтлага судалгаа хийхэд шаардагдах хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудал тулгарч байгааг судалгааны баг хэллээ.

Энэхүү ховор олдворын талаар мэдээлэл өгсөн долоон иргэнийг аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж урамшуулсан байна.

Холбоотой мэдээ