Зам, тээврийн салбарт ХАБ-ын мэдээллийг цахимжуулна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-15 13:48:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн салбарт 2021 оныг “Техник, технологийн шинэчлэл-цахим шилжилтийн жил” болгон зарласантай холбогдуулан ХАБЭА-н болон Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, удирдлага зохион байгуулалт, осол, зөрчлийг мэдээлэх ажлыг цахимжуулахаар боллоо. Энэ талаар Зам, тээврийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын хорооны хурлаар хэлэлцэв. 


Хурлыг ЗТХ-ийн дэд сайд, салбар хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нээж өнгөрсөн оныг “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлаж, салбарын хэмжээнд ХАБЭА-н үзлэгийг зохион байгуулсныг дурдаад энэ онд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дараах ажлыг нарийвчлан төлөвлөгөөнд тусгаж ажиллана гэдгийг илэрхийллээ. Үүнд:

  • “УБТЗ” ХНН-ийн хэмжээнд ХАБЭА-н болон холбогдох бусад сургалтын төлөвлөгөөг гарган, “Жишиг сургалт”-ыг хийх, жилийн эцэст сургалтын үр дүн, чанарыг үнэлэх ажлыг зохион байгуулж салбарын хэмжээнд ХАБЭА-н сургалтын чанарт анхаарч ажиллах,
  • “Хөдөлгөөнтэй холбоо”-той ажил, үйлчилгээ эрхэлдэг онгоцны нисгэгч, зүтгүүрийн машинч, автобус, хүнд даацын автомашины жолооч, индүүний оператор, хатуу хучилт замын асфальт дэвсэгчийн оператор зэрэг ажилтны ажил, амралтын горимыг мөрдүүлж байгаа байдлыг үнэлэлж дүгнэн, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах,  хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг дахин хийх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулахаар боллоо.


"COVID-19"-ийн цар тахлын үед салбарын байгууллагын удирдлагууд Стандарт, хэмжил зүйн газраас 2021 онд баталсан MNA ISO/PAS 45005:2020 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал-Ковид-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий заавар” стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах шаардлагатай  байгааг  анхаарууллаа. 

Цахим хуралд зам, тээврийн салбарын ХАБ, эрүүл ахуйн салбар хороо, харьяа газар, байгууллагуудын ХАБЭА-н зөвлөл, удирдлага, ажилтнууд оролцов. 

Холбоотой мэдээ