Өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 70 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос 70 жилийн тэртээ 1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй.
Ийнхүү Монголын сэтгүүлчдийн холбоо
байгуулагдаж, даргаар нь тухайн үед
“Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг
томилогдож байжээ. Монголын сэтгүүлчдийн анхдугаар Их хурал 1963 оны 11
дүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдсан байна. 1970 оны үед Монголын
сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл,
мэдээлэл, радио, телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчийг эгнээндээ нэгтгэсэн 30
гаруй салбартай болжээ.
Монголын сэтгүүлчдийн II
Их хурал 1970 онд, III Их хурал 1976 оны 12 дугаар сарын 7-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болжээ. Монголын
сэтгүүлчдийн байгууллага нь 1992
онд Монголын сэтгүүлчдийн холбоо
(МСХ), Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн
эвлэл (МЧАСЭ) гэсэн хоёр байгууллага
болон салж тус тусдаа үйл ажиллагаа явуулах болсон байна. 2002 оны 4 дүгээр
сарын 2-ны өдөр Монголын сэтгүүлчдийн холбоо, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн
эвлэл тус тусдаа хуралдаж, өөр өөрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан
байна. Мөн энэ өдөр уг хоёр байгууллагын нэгдсэн Их хурал болж, МСХ, МЧАСЭ
хоёрыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн, нэгдсэн байгууллага “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэж
нэрлэхээр тогтож, Ерөнхийлөгчөөр “Их Монгол” дээд сургуулийн захирал
С.Батмөнхийг сонгож байжээ.
Үе, үеийн удирдлагууд
• 1951-1953 онд Монголын
Сэтгүүлчдийн Холбооны дарга О.Пунцаг
• 1953-1957 онд МСХ-ны
дарга Ж.Зундуй
• 1957-1962 онд МСХ-ны
дарга Г.Дэлэг
• 1962-1963 онд МСХ-ны
дарга Г.Очирбат
• 1963-1984 онд МСХ-ны
дарга Ц.Намсрай
• 1984-1990 онд МСХ-ны
дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ,
доктор, профессор Л.Түдэв
• 1990-1993 онд
МСХ-ны дарга Ц.Мөнхжаргал
• 1993-1996 онд
МСХ-ны Ерөнхийлөгч С.Цэрэндорж
• 1996-2002 онд
МСХ-ны Ерөнхийлөгч Ц.Бат-Орших
• 2002 онд МСХ, МЧАСЭ нэгдэж МСНЭ байгуулагдахад анхны
Ерөнхийлөгч С.Батмөнх, МСНЭ-ийн Хүндэт
Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ц.Дашдондов
• 2002-2006 онд
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
До.Цэнджав
• 2006-2009 онд
МСНЭ-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл
мэндийн сайд Д.Сарангэрэл
• 2009-2011 онд
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Т.Баасансүрэн
• 2011-2018 онд
МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор
Б.Галаарид
• 2018-2020 онд МСНЭ-ийн
Ерөнхийлөгч Х.Мандахбаяр
• 2020 оноос МСНЭ-ийн
Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Боргилмаа ажиллаж байна.