"Монгол - Оросын найрамдлын сарын аян"-ы уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-16 18:43:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг жил бүрийн аравдугаар сард Монгол-Оросын найрамдлын сарыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил  цар тахлын улмаас олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй болсон тул түр хойшлуулсан.

Харин өнгөрсөн баасан гаригт аймгийн удирдлагууд Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч байгаа ОХУ-ын иргэд болон тус улсаас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Руслан Амирович Зайнутдинов нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяр, Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу нар мөн оролцсон юм.

Уулзалтын үеэр, аймгийн Засаг дарга С.Батжаргал “Эрдэнэтийнхэн бид Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагаа эхэлсэн цагаас сарын аяныг тэмдэглэж байна. Үе үеийн орос ахан дүүстээ цаашдын амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. 

Мөн энэ онд Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохионо. Энэ түүхэн 100 жил Эрдэнэт хотын хөгжилтэй салшгүй холбоотой. Тодруулбал, Эрдэнэт хотын түүх Орос, Чехийн геологчид ирж геологийн хайгуул судалгаа хийснээр эхэлдэг. Иймд хоёр орны хамтын харилцааны хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байна гэж уулзалтад оролцогсод онцоллоо.  

Холбоотой мэдээ