Аймгийн удирдлагууд цагаан тоос дарах ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-16 17:22:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг болон Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа болон холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд цагаан тоосны дэгдэлтийн эсрэг авч буй ажлын талаар мэдээлэл өгөв.    

Саяхан Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хамтран 2020 онд цагаан тоос дарах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, 100 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийнхэн цагаан тоос дарах чиглэлээр технологийн шинэ арга туршиж, байнгын үйл ажиллагаатай алба байгуулсан нь үр дүнгээ өгч буйг үнэлжээ.

Өнөөдрийн байдлаар, Цагаан тоос дарах ажлын албаныхан Хаягдлын аж ахуйд өвлийн горимд шилжин, хаврын хуурайшилтын үеэр цагаан тоос дэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс бэлтгэл хангаж байна. Тоос дэгдэлтийн талбайд хүнд даацын машин техникүүд саатахгүй явахад зориулагдсан хоёр эгнээ шороон зам тавьж, барьцалдуулагч бодис полимер урвалжийг үргэлжлүүлэн ашиглахаар бэлтгэх зэрэг ажлууд хийж байгаа аж.

Холбоотой мэдээ