“Нарны хүү, сарны охин” компанийн удирдлагуудад холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-18 17:24:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас гэмт хэрэгт холбогдуулан Дамдинсүрэнгийн Батбаяр, Дариймаагийн Гүрсоронз, Дариймаагийн Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

 

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно/ , мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ /-ныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол... / заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.

 

Өнөөдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хэргийг эргэн сануулахад, “Нарны хүү, сарны охин” компанийн "Амар амгалан" орон сууцны хороололд байр захиалж, урьдчилгаа төлсөн иргэдийн төлөөлөл орон сууцандаа орж чадахгүй, төлсөн урьдчилгаагаа мөн буцаан авч чадахгүй нөхцөл байдалд орсноо хэвлэлийн хурал хийн мэдэгдэж байв. Харин тус компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татсан талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлллийн төвөөс мэдээлж байсан билээ. 

Холбоотой мэдээ