Газрын тосны үнэ баррель нь 56 ам.долларт хүрчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-01-18 19:38:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Брент" төрлийн түүхий газрын тосны үнэ өнгөрсөн оны 5 дугаар сараас хойш 20 ам.доллароор бараг 3 дахин өсөж, энэ оны эхнээс баррель нь 56 ам.долларт хүрээд байгаа талаар АМГТГ-аас өнөөдөр мэдээллээ. Саудын Арабын улс болон ОПЕК-ийн бусад орнуудад мэдэгдэлгүйгээр өдрийн олборлолтоо гэнэт огцом 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь энэ оны 1 дүгээр сарын эхээр газрын тосны үнэ нэмэгдэх бас нэг хүчин зүйл болжээ. 

Дэлхийн банк болон ОУВС-гаас 2021 онд дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг илүү өөдрөг байхаар төсөөлж байна. Учир нь "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зарим улс орон амжилттай эхлүүлсэн нь халдварын цар тахлын улмаас сулраад байсан дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхлэв. Мөн АНУ, БНХАУ, Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд зарцуулах далайцтай багц арга хэмжээ, түүнчлэн АНУ-ын шинээр сонгогдож буй ерөнхийлөгчтэй холбоотой эерэг хүлээлтүүд "COVID-19"-ийн нөхцөлд буураад байсан газрын тосны үнэ өсөхөд түлхэц болж байна. 

Газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр өсөхөд нефтийн бүтээгдэхүүнийхээ 100 хувийг гадаадаас импортолдог Монгол Улсын хувьд шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Гэвч манай улс импортлогч ААН-үүдтэй зөвшөлцөн үнийг тогтвортой барьж ирсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж цар тахлын нөлөөгөөр иргэдийн орлого буурч, ААН-үүд хямарсан энэ үед шатахууны дотоод дахь үнийг тогтвортой барьж, нэмэхгүй гэдгээ өнөөдөр мэдээлээд байна. 


Холбоотой мэдээ