Сүүний нэгдсэн цогцолбор байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-19 14:50:08

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг цаашдаа иргэдийнхээ хэрэгцээг хангаж хүрэлцэхүйц сүүний үйлдвэртэй болохоор зорьж байна. Өнгөрсөн жилүүдэд Дорнод аймагт 20 гаруй сүүний чиглэлийн ферм ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар тав болж цөөрчээ.

Энэхүү таван ферм байнгын бус улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Ингэснээр аймгийн иргэдийг эрүүл, цэвэр сүүгээр бүрэн хангаж чадахгүй байна гэж сүүний чиглэлийн фермүүдийн эзэд үзэж, “Дэвшил” ТББ байгуулжээ. Тус төрийн бус байгууллага хадлан, тэжээлийн үйлдвэртэй “Сүүний нэгдсэн цогцолбор” байгуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилснаар дэмжлэг авсан байна. Аймгийн ЗДТГ-аас "Сүүний үйлдвэр байгуулах ажлын баг"-ийг байгуулж, өнөөдөр анхны хурлаа хийжээ. Ажлын баг сүүний үйлдвэр байгуулах боломж, нөхцөл, зах зээлийг судалж, хаана, хэрхэн байгуулах, иргэдэд сүүг хэрхэн хүргэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг хэлэлцэн судлахаар тогтсон гэв.

Холбоотой мэдээ